Их Британи иргэдийн хулгайд алдагдсан гадаад паспортуудыг Туркийн хар зах дээр 2500 еврогоор зарж байсныг "Daily Mail"-ийн сурвалжлах баг илрүүлсэн байна. Төстэй зурагтай паспорт олох нь террористуудын хувьд сугалаанд хожихтой л адил гэдгийг хил хамгаалалтын албаныхан хэлж байв.
Мөн Их Британийн иргэд ч өөрсдийн паспортоо ченжүүдэд зарж байсныг мөрдөх баг илрүүлсэн байна. Тэд уг наймаагаа хийхдээ паспортоо алдсан тухайгаа цагдаад хэдэн сарын дараа л мэдэгдэнэ хэмээн тохиролцдог аж. Мөн Балканы хойгийн ойр хавийн хотуудад Их Британийн иргэний үнэмлэхийг гурван өдрийн дотор л хуурамчаар хийдэг гэнэ.
Мөрдөн шалгалтын багийнхан Абу Ахмад гэх хүнээс 2500 еврогоор гадаад паспорт худалдан авах санал тавьж, түүнийг урхинд оруулжээ. Абу Ахмадын 10 үйлчлүүлэгч тутмын долоо нь Их Британийн хилийг амжилттай давсан бөгөөд сард 110 мянган еврогийн ашигтай ажилладаг байжээ. Үйлчлүүлэгчид нь гэмт хэрэгтэн, террористууд биш, энгийн хүмүүс байсан гэж Абу мэдүүлж буй гэнэ. Түүнийг таних Сирийн нэгэн цагаач нэг иргэн Абу Ахмадын хоёр ч үйлчлүүлэгч лалын шашинтай хүн байсан талаар "Daily Mail"-д ярьсан байна.
"Миний зарж байсан бүх паспорт жинхэнэ. Нэг ч хуурамч бичиг баримт байхгүй. Их Британи иргэдийн гадаад паспортууд ихэнх нь хулгайлагдсан байдаг. Харин Араб, Афганистан хүмүүсийн гадаад паспортыг тухайн улсын иргэд өөрсдөө зарах нь элбэг байдаг" гэж тэр хэлжээ. Тэрээр хэдэн мянган хүнийг хууль бусаар Европын улсууд руу гаргасан хэргээр найман жилийн ял авах төлөвтэй байгаа аж.