Сонгууль-2024 | 2 мин уншина

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна
Нийтэлсэн 2024 оны 5 сарын 7
Энэ удаагийн Их хурлын сонгуульд гадаадад оршин суугаа иргэдийн саналыг авна. Гэхдээ гадаадад оршин суугаа иргэд зөвхөн намын жагсаалтаар нэр дэвшигчдэд саналаа өгөх юм.
Гадаадад байгаа иргэдийн саналыг зургаадугаар сарын 20-23-нд авна. Одоогоор Гадаад харилцааны яаманд төв комисс байгуулжээ. Удахгүй дипломат төлөөлөгчийн газруудад салбар комисс байгуулах бөгөөд гадаадад байгаа иргэдийн саналыг авахад 560 орчим сая төгрөг зарцуулах аж.
Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг удирдан зохион байгуулах Төв комиссын 2024 оны нэгдүгээр тогтоолоор хилийн чанадад ажиллаж буй Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд 47 салбар комисс байгууллаа. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар дараах Дипломат төлөөлөгчийн газрын дэргэдэх Салбар комисс гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулах юм.
Дипломат төлөөлөгчийн газрын дэргэдэх салбар комисс санал хураалт дууссаны дараа битүүмжилсэн дугтуйтай саналын хуудсыг төв комиссоор дамжуулан Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ. Сонгуулийн ерөнхий хороо гадаад улсаас ирсэн саналын хуудсыг өөрийн байранд зургадугаар сарын 28-ны өдрийн 22:00 цагаас эхлэн тоолох аж.
Элчин сайдын яам
  • Анкара дахь ЭСЯ
  • Астана дахь ЭСЯ
  • Абу-Даби
  • Бангкок дахь ЭСЯ
  • Берлин дэх ЭСЯ
  • Брюссель дэх ЭСЯ
  • Бишкек дэх ЭСЯ
  • Будапешт дахь ЭСЯ
  • Бээжин дэх ЭСЯ
  • Варшав дахь ЭСЯ
  • Вашингтон дахь ЭСЯ
  • Вена дахь ЭСЯ
  • Вьентьян дахь ЭСЯ
  • Гавана дахь ЭСЯ
  • Дели дэх ЭСЯ
  • Каир дахь ЭСЯ
  • Канберра дахь ЭСЯ
  • Кувейт дахь ЭСЯ
  • Лондон дахь ЭСЯ
  • Москва дахь ЭСЯ
  • Минск дэх ЭСЯ
  • Оттава дахь ЭСЯ
  • Парис дахь ЭСЯ
  • Прага дахь ЭСЯ
  • Ром дахь ЭСЯ
  • Софи дахь ЭСЯ
  • Сөүл дэх ЭСЯ
  • Стокгольм дахь ЭСЯ
  • Сингапур дахь ЭСЯ
  • Ташкент дахь ЭСЯ
  • Токио дахь ЭСЯ
  • Ханой дахь ЭСЯ
Байнгын төлөөлөгчийн газар
  • Женев дахь БТГ
  • Нью-Иорк дахь БТГ
  • Ерөнхий консулын газар
  • Истанбул дахь ЕКГ
  • Сан Франциско дахь ЕКГ
  • Осака дахь ЕКГ
  • Кызыл дэх ЕКГ
  • Улаан-Үд дэх ЕКГ
  • Эрхүү дэх ЕКГ
  • Хөх хот дахь ЕКГ
  • Хонконг дахь ЕКГ
  • Шанхай дахь ЕКГ
Консулын газар
  • Эрээн дэх Консулын газар
  • Пусан дахь Консулын газар
  • Манжуур дахь Консулын газар
  • Чикаго дахь Консулын газар
Салбар комисс байгуулснаар гадаад улсад байгаа сонгогчид сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлж, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх боломж нээгдэж байна. Гадаадад байгаа сонгогчид 2024 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө Дипломат төлөөлөгчийн газарт биечлэн очих эсхүл https://election.burtgel.gov.mn/request хаягаар нэвтэрч сонгуульд оролцох хүсэлтээ цахимаар гарган сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлнэ.
Сонирхуулахад, гадаадын улс орнуудад 122 мянга гаруй иргэн ажиллаж, амьдарч байгаагийн 82 хувь нь сонгуулийн насных аж. Үүнээс ердөө 3-6 хувь нь сонгуульд оролцож, сонгох эрхээ эдэлдэг байна. 
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн