Францын иргэн Кэдэлла Роман Канадын Бритиш Коламбиа мужид амьдардаг ээжийндээ зочилж очоод удаагүй байжээ. Тэрээр өглөөний дасгал хийж байгаад АНУ-ын хилийг санамсаргүй давчихсан аж. Тодруулбал, тэр АНУ болон Канадын дунд орших "Peace Arch Park" гэх олон улсын хилийн бүсэд нэвтэрчээ. Канадын талд "Peace Arch Provincial Park" нь харьяалагддаг бол АНУ-ын талд "Peace Arch State Park" байрладаг аж. Хилийн хамгаалалтын албаныхан түүнийг баривчилж хоёр долоо хоног саатуулсан байна.
Тухайн үед Кэдэлла Романд бичиг баримт байгаагүй тул албаныхан 200 км-ийн цаана байрлах АНУ-ын Вашингтон мужийн Такома хотод түүнийг шилжүүлжээ. Түүний ээж Кристиана Фэрнэ охиныхоо иргэний үнэмлэх, Канадад суралцах зөвшөөрөл зэргийг АНУ-ын холбогдох албаныханд үзүүлж суллах хүсэлт гаргасан байна. Кэдэлла Романыг АНУ-ын Дотоодын аюулгүй байдлыг хангах цагдан хорих төвд хоёр долоо хоног саатуулсны эцэст суллажээ.
АНУ-ын талын "Peace Arch Park"-ын хаалга. Хаалгууд дээр тухайн улсын туг байдаг
"Тэнд ямар ч анхааруулах самбар байгаагүй шүү дээ. Энэ маш шударга бус юм. Яг л хавх шиг хэн ч хилийн хамгаалалтынханд баригдаж болох нь байна шүү дээ" гэж охины ээж хэлсэн байна. "Хилийн ойролцоо аялж байгаа хүмүүс өөрсдийн бичиг баримттайгаа явах нь тэдний үүрэг юм. Ингэснээр хил хамгаалах ажилтнуудын ажлыг ч хөнгөвчилнө. Мөн өөрсдийгөө ч хууль бусаар хил давахыг оролдсон хэргээс хол байлгах болно" гэж албаныхан "CBS" телевизийн сурвалжлагчид хэлсэн байна.