Хятадын хакерууд АНУ-ын хиймэл дагуул удирддаг компьютерт нэвтэрчээ
Ази болон Америк тивийн газар нутгийн дээр байрлаж буй хэд хэдэн хиймэл дагуулын удирдах компьютерт БНХАУ-ын хакерууд нэвтэрсэн талаар АНУ-ын програм хангамжийн аюулгүй байдлын "Symantec" компани олон нийтэд мэдэгдсэн байна. Хакерууд хиймэл дагуулын байрлалыг өөрчилж, мэдээлэл харилцааны урсгалд хүссэнээрээ саад учруулах боломжтой нөхцөл байдал бүрэлдсэн байжээ. Азаар тэднийг ямар нэг өөрчлөлт хийхээс өмнө системээс гаргаж чадсан гэнэ.
"Хэрэв тэд хиймэл дагуулын хэвийн ажиллагаанд саад учруулсан бол ганц цэргийн байгууламжууд ч гэлтгүй энгийн иргэдийн өдөр тутмын амьдралд ч томоохон эмх замбараагүй, ойлгомжгүй байдал үүсгэх байсан" гэж "Symantec" компанийн техникийн үйл ажиллагаа хариуцсан захирал Викрам Такур хэлсэн байна.
Хиймэл дагуулууд утас, интернэт зэрэг хүний энгийн хэрэглээнд чухал үүрэгтэй оролцдог учир байршил нь маш нарийвчлалтай байх ёстой гэнэ. Хакерууд цэргийн болон иргэний харилцаанд саад хийх болон тагнуулын зорилгоор тус халдлагыг хийсэн гэж албаныхан таамаглаж байгаа аж.