“Монголын эдийн засгийн чуулган-2018”-ын бэлтгэл бүрэн хангагджээ
Ирэх даваа гаригт Төрийн ордонд эхлэх “Монголын эдийн засгийн чуулган-2018”-ын бэлтгэл бүрэн хангагджээ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганыг зохион байгуулагч Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон хамтран ажиллаж байгаа МҮХАҮТ, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг өчигдөр хүлээн авч уулзсан юм.
Зохион байгуулагчдын зүгээс чуулганы бэлтгэл хангагдсан, төр, хувийн хэвшил хамтарвал эдийн засгийг сэргээх ямар боломжтой гэдгийг нотлон харуулсан, эдийн засаг гэлтгүй нийгэм, улс төр гэх мэт өргөн хүрээг хамарсан чуулган болно.
Шаардагдах бүх зардлыг хувийн хэвшлийнхэн гаргасан гэдгээ Ерөнхий сайдад танилцууллаа.
Бүх салбар хуралдааныг нэр бүхий телевизүүд шууд дамжуулах бөгөөд цахим технологийг өргөн ашиглахаар төлөвлөсөн байна. Тухайлбал иргэд анх удаа цахим аппликэйшн ашиглаж сонирхсон асуултдаа хариулт авах боломжийг бүрдүүлсэн талаар CEO клубийн ерөнхийлөгч, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг хэлсэн юм.
Чуулганыг Монгол Улсын Ерөнхий сайд нээж үг хэлсний дараа Дэлхийн банкны төлөөлөл “Олон улсын чиг хандлага ба Монгол Улсын боломж” сэдвээр илтгэл тавихаар болжээ.
Дөрвөн нэгдсэн хуралдаан болох бөгөөд
1. Засгийн газраас баталсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”,
2. Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх бодлого,
3. Халамжаас бүтээмж рүү,
4. Хөдөө аж ахуйн хөгжил-Хөрөнгө оруулалт,
5. Цахим шилжилт-Блокчэйн,
6. Санхүү, хөрөнгийн зах зээлийн өнөөдөр ба ирээдүй,
7. Хариуцлагатай уул уурхай-Хүртээмжтэй өсөлт,
8. Мега төслүүд ба төрийн өмчит компаниуд, хувьчлалын бодлого,
9. Аялал жуулчлал-Агаарын тээвэр,
10. Бидний үнэт зүйлс, ёс зүй ба нийгмийн зөвшилцөл,
11. Улаанбаатар хотын эдийн засаг-Хөрөнгө оруулалт,
12. Монгол Улсын Брэндинг, Эргэх холбоотой хариуцлагатай манлайлал зэрэг сэдвийг 12 салбар хуралдаанаар хэлэлцэх юм.
Хоёр өдөр үргэлжлэх “Монголын эдийн засгийн чуулган-2018” хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ, Санамж бичигт гарын үсэг зурснаар өндөрлөх аж.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Чуулганыг зохион байгуулж байгаа ажлын хэсгийнхэндээ талархал илэрхийлье. Энэ удаагийн чуулган эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас гарахын тулд юун дээр анхаарах ёстойг тодорхойлоход чуулган хувь нэмрээ оруулна гэж найдаж байна.Одоогийн бодлогын алдаа, оноог чуулганы үеэр нээлттэй ярилцах болно.