“Хүүхдийн спорт - Өнөө ба Ирээдүй” олон улсын форум Улаанбаатар хотноо Бямба гарагт эхэлнэ
Нийслэл хотноо энэ сарын 20-нд “Хүүхдийн спорт - өнөө ба ирээдүй” олон улсын ээлжит форумыг зохион байгуулна
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ, МҮОХ болон Монголын үндэсний олимпийн академи /МҮОА/-аас зохион байгуулах уг форумын нээлт Улаанбаатар зочид буудлын “Хөх асар”-т болно.
Энэ үеэр “Олимпизм ба олимпийн боловсрол” сэдэвт олон улсын сургалт-семинарыг Олимпийн зөвлөлийн захирал, арга зүйч, биеийн тамирын багш нарын дунд зохион байгуулах юм. Уг сургалтыг Олон улсын олимпийн академийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Украины үндэсний олимпийн академийн ерөнхийлөгч, шинжлэх ухааны доктор, профессор М.М.Булатова удирдана.
Мөн МҮОХ-ны Хурлын танхимд энэ сарын 21-23-нд спортын дасгалжуулагч, биеийн тамирын багш нарын дунд “Спортын сургалт, дасгалжуулалтын онол, арга зүй” сэдэвт олон улсын сургалт - семинарыг зохион байгуулна. Тус сургалтыг Спортын шинжлэх ухааны нэрт эрдэмтэн, Украины Шинжлэх ухааны гавьяат ажилтан, ШУ-ы доктор, профессор В.Н.Платанов удирдана.
Энэхүү олон улсын форумд ОХУ, БНХАУ, БНСУ, Япон болон манай улсын биеийн тамир, спортын салбарын нийтдээ 200 гаруй мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид оролцох юм.