Хөвсгөл аймагт түймрийн зэрэг нэн аюултай байна
Энэ оны дөрөвдүгээр сарын 15 буюу өчигдөр 14 цагт Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын хогийн цэгээс хээрийн түймэр гарч Улаан-Уул сумын иргэдээс 27 хүн хилийн цэргээс 5 албан хаагч, Улаан тайга хамгаалалтын захиргааны 8 ажилтан ажиллаж 21 цагт цурманд оруулсан.
Түүнчлэн өнөө шөнөдөө Улаан-Уул суманд нойтон цас орж хоносон аж. Мөн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумаас 60 км-ийн зайтай Горхины эх Ухнатын даваанд 20 цагийн үед ойн түймэр гарч аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 20 хүн, нийт 32 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Түймрийн III зэрэглэл буюу түймрийн аюултай зэрэгт Завхан аймгийн Нөмрөг, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Баянзүрх, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар Цагааннуур, Хэнтийн аймгийн Өндөрхаан, Баян-Овоо, Дархан орчмын бүс нутаг, түймрийн IV зэрэглэл буюу түймрийн эрсдэл нэн аюултай зэрэгт Хөвсгөл аймгийн Мөрөн, орчмын бүс нутаг хамрагдаж байна.