Гэнэн тэнэгийн үлгэр
Эрт урьд цагт өвгөн эмгэн хоёр байжээ. Өвгөн нь эмгэнээ “Хүүхэд гаргасангүй” гээд үргэлж занчдаг байв.
Нэг өдөр өвгөнийг юманд яваад ирэхэд эхнэр нь хулганыг нэхийд боогоод орон дээрээ тавиад байжээ. Өвгөн ирээд “Энэ юу вэ?” гэсэнд эмгэн нь “Энэ өдөр надаас хүүхэд гарав” гэж хэлсэнд өвгөн нь маш их баярлан, “Сайн байна” гээд хүүхдээ үзэж байгаад “Чи юунд үстэй хүүхэд гаргасан бэ?” гэж асуухад эмгэн нь “Адуу манахад дах нь бэлхэн байг” гэж хэлжээ.
Мөн “Юунд сүүлтэй хүүхэд гаргасан бэ?” гэхэд нь “Адуунд явахад уурга нь бэлхэн байгаа юм” гэж хариулав. “Юунд сахалтай хүүхэд гаргасан бэ?” гэхэд “Мээрэн суухад сахал нь бэлхэн байгаа юм” гэсэнд “Юунд шүдтэй хүүхэд гаргасан бэ?” гэхэд нь “Бөөр идэхэд шүд нь бэлхэн” байгаа юм гэжээ.
Өвгөн маш их баярлаж хүүхдээ угаахаар авч явжээ. Төд удалгүй өвгөн “Хүүхдээ усанд алдав” гээд уйлсаар орж ирэв. Эмгэн нь “За би одоо яахав. Би хүүхэд төрүүлэх нь төрүүлэв. Чи хүн хийж чадаагүй хойно хохь чинь дээ. Одоо намайг зодох явдалгүй” гэжээ. Үүнээс хойш өвгөн эмгэнээ зодохоо больсон гэдэг.