Хүүхдүүдээ цахим ертөнцөд биш спортын ертөнцөд хүмүүжүүлэх хэрэгтэй
Өнөөгийн нийгмийн хамгийн том асуудлуудын нэг нь эд төлөвших насан дээрээ яваа өсвөр насны хүүхдүүд, цэцэрлэгийн болон бага ангийн хүүхдүүд дэлгэцийн донтолтод өртөж буй үзэгдэл юм.
Ялангуяа эрэгтэй хүүхдүүд PC тоглоомыг хэт их тоглож, тоглоомын газраа хонодог. Энэ нь цаашлаад донтолтыг үүсгэж эмнэлгийн үүдийг татах нь энгийн үзэгдэл болоод байна. Мөн сошиал медиа болох фэйсбүүк, инстаграм, аск зэргийг маш их хэрэглэж байгаа юм. Эдгээр нь амьд харилцааг үгүй хийж, төлөвшиж, хүмүүжиж амжаагүй хүүхдүүдийн хувьд сөргөөр нөлөөлж, эрүүл мэндийн хувьд наад зах нь л гэхэд хараа нь муудаж бага наснаасаа харааны шил зүүх болсон зэрэг сөрөг үр дагавруудыг дагуулж байна.
Орчин үеийн эцэг эхчүүд өөрсдөө хүүхэдтэйгээ зэрэгцэж суугаад эдгээрийг бодитоор үлгэрлэж байгаа ч хүүхдүүдээ эдгээрээс хол байлгахыг хүсдэг. Тэгвэл хүүхдүүдээ спортын хичээллүүлэх нь эдгээрээс хол байлгах хамгийн зөв алхам юм. Аль ч спорт хүүхдэд зөв хүмүүжил, төлөвшил олгодог ба бие махбодын хувьд эрүүл чийрэг өсөн торних нөхцөлийг бүрдүүлж өгдөг.
Хүүхдүүдийн авьяас чадварыг нээж болох хамгийн тохиромжтой нас нь 4-10 нас гэж олон улсын эрдэмтэд тогтоожээ.
Харин манай орны хувьд 7-10 насанд спортоор хичээллэх нь хамгийн тохиромжтой гэж үздэг юм байна. Тэгвэл хүүхдүүдээ цахим ертөнцөөс хол байлгаж спортоор хичээллүүлэх гэж буй эцэг эхчүүддээ зарим спортын төрлүүдийн онцлог зүйлүүдийг нь дурдъя.
1 Волейбол
Волейболын спортоор хичээллэх нь өндөр болох, үсрэлт сайжрах, хурдтай болох, багаар хамтран ажиллах чадвартай болгох зэрэг олон давуу талтай байдаг байна. Хэрвээ та хүүхдийнхээ өсөлтөд санаа зовж байгаа бол хүүхдээ волейболын дугуйланд явуулаарай гэж зөвлөе.
2 Сагсан бөмбөг
Волейболын спорттой адил сагсан бөмбөг нь багийн спорт учир багаар ажиллах чадвартай болгодог. Дэлхийн өнцөг булан бүрт уг спортоор хичээллэж буй хүмүүсийн тоо хэдэн саяар тоологдож байгаа учир сонгон хичээллэх хүүхдийн тоо их байдаг. Мөн сагсан бөмбөгийн спортоор хичээллэх нь өсөлтөд хамгийн сайнаар нөлөөлдөг гэдгийг бүү мартаарай.
3 Бүжиг
Биеийн уян хатан хөдөлгөөн шаарддаг бүжгийн спортоор хичээллэснээр таны хүүхэд хөдөлгөөний эвсэлтэй, өөртөө итгэлтэй, эсвэр тэвчээртэй болно. Энэ спортоор хичээллэснээр давхар гимнастикаар хичээллэснээс өөрцгүй биеийг хөгжүүлдэг.
4 Шатар
Оюуны спорт гэж нэрлэгддэг шатрын спортоор хичээллэснээр таны хүүхэд аливаа зүйлийг хурдан ойлгох, сууж сурах, анхаарал төвлөрүүлэх чадвар сайжрах зэрэг маш олон давуу талыг эзэмшинэ. Манай улсын хувьд тив дэлхийн шатрын тэмцээнүүдээд оролцож гаргасан амжилт их учир шатрын спортын хөгжил харьцангуй сайн. Үүнийгээ дагаад ч шатрын дугуйлан маш олноор хичээллэдэг.