Манайд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн оролцоог хүмүүсийн тэдэнд хандаж буй хандлага, зам тээвэр, барилга байгууламжийн зохион байгуулалт, тохижилт, ажлын байр зэрэг нийтлэг зүйлүүдээр байнга хязгаарладаг. 2017 оны байдлаар Монголд 103630 хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдарч байгаагийн 34246 нь нийслэл хотод амьдарч байна. Гэтэл энэ олон хүмүүсийн нийгэмдээ оролцоход хангагдсан байх ёстой наад захын зүйл ардчилсан тогтолцоотой гээд байгаа Төр засаг хангаж чадахгүй байгаа нь хүний эрх зөрчсөн асуудал юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгэмдээ чөлөөтэй оролцоход дутагдаж буй зүйлс олон бөгөөд тэдгээрийг зайлшгүй хэрэгжүүлэх ёстой.
АНУ-ын нэг мужид л гэхэд хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан 500 автобус байна. Гэтэл манайд нийслэлийн 9 дүүрэгт ганц ч хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан автобус алга. Үүнээс улбаалан гадуур явахад хүндрэл бэрхшээл маш их гарна. МУИС-ын хөгжлийн бэрхшээлтэй нэгэн оюутан байнга хувийн унаагаар хүргүүлж ирдэгтэй таарч байлаа. Хэрвээ зориулалтын нийтийн тээвэр байдаг бол сургуульдаа ирэхдээ байнга зардал гаргаж унаагаар зөөлгөх шаардлагагүй.
АНУ-д бүх телевиз, радио сурталчилгааныхаа 200 минутыг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулдаг. Ингэснээрээ нийгмийн сэтгэл зүйд хандахаас гадна хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ажил олоход нь туслах зэрэг үйл ажиллагаа явуулдаг байна. Мөн манайд ганцхан МҮОНРТ л мэдээгээ дохионы хэлээр явуулдаг. Бусад телевизүүдийн хувьд яриад ч хэрэггүй.
АНУ, Япон гээд орнуудад албан байгууллага болгонд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан ариун цэврийн өрөө байдаг. Гэтэл манайд байдаггүй, байсан ч ашиглуулдаггүй. Үүний нэг тод жишээ нь, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан лифттэй ч тэр нь огт ашиглагддаггүй гүүрэн гарцууд юм.
Энэ мэтчилэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан тусгай хэрэгцээт зам, гэрлэн дохио, налуу зам, цахилгаан шат, их сургуульд суралцаж буй харааны бэрхшээлтэй оюутнуудад брайль үсэгт ном хэрэгтэй зэрэг маш олон зүйлс нийгмийн амьдралд оролцоход нь дутагдаж байна. Гадны өндөр хөгжилтэй улсуудыг харахад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ нийгэмдээ бие даан амьдрах бололцоог нь бүрэн хангаж өгсөн байдаг. Харин онголд энэ түүхий хэвээр байсаар л. Нийгэмд оролцох нөхцлүүдийг нь бүрдүүлж өгч байж цаашид тэдний ажилтай болгох, бие даан амьдрах талаар авч үзнэ. Нэн тэргүүнд тэднийг нийгэмд оролцоход шаардагдах материаллаг зүйлсүүдийг хийх хэрэгтэй. Хаана хөгжил сайтай байна, тэнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс төвлөрдөг.