Нам дагасан Монгол
Сонгуулиас хамаарахгүйгээр мөнхийн сэдэв болчихоод байгаа асуудал бол аль нэг нам дагаад сайхан амьдрах тухай юм. Нам дагасан залуусын амьдрал нүдэн дээр сайжраад байхад нам дагахгүйгээр шинэ санаа гаргаад бизнес эрхлэх залуус цөөхөн л байх болов уу? Аль замаар явбал амар хялбар байж амьдрал нь хурдан сайжрах талаар бодлого бодуулсан, залуусдаа хэтэрхий бэлэнчлэх сэтгэлгээ суулгаж өгсөн өнөөдрийн Монголын нийгэм.
Монгол Улсын үндсэн хуулинд " нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй..." гэж заасан байдаг. Одоогийн байдлаар улсын дээд шүүхэд бүртгэлтэй 28 нам байна. Гэтэл залуусын ихэнх нь Монгол ардын нам, Ардчилсан нам гэсэн хоёр талд хуваагдах болсон. Сонгуулиар бол намаасаа дэвшиж буй хүний өмнөөс талцан хэрэлдэж бие биетэйгээ зодолдож хэмлэлдэх нь ердийн үзэгдэл болчихоод байна. Сонгууль ч яахав ийм байдаг юм байж. Харин сонгуулиас бусад үед ямар дүр зурагтай байна вэ? Сошиалд нийтлэгдсэн нэгэн жишээг авч үзье.
Төрсөн аймагтаа очлоо, дунд сургуульд нөгөө ангид сурч байсан залуутай тааралдлаа. Аймгийн захиргаанд ажилладаг гэнэ, гэдэс сууж лухайгаад дарга төрх орчиж ээ. Өөрөө ч хоолойгоо шахаж, толгойгоо нугдайлгаад давхар эрүүгээ улам тодруулж байгаад өндөр дуугаар ч ярих юм. “Хөгшин нь ч яахав дарга хийж байна. Эхнэр охинтой болсон, дараа жилээс үү тэгж байгаад хот орно. Хотод гурван өрөө байр авчихсан болж л байна. Чи юу хийж байна” миний хариулт “багш хийж байна” танилын асуулт “багшийн цалин чинь нэмэгдсэн гэл үү? Нэмэгдээд нэмэгдээд хэцүү л байгаа биз дээ” гэв. А намыг оюутан байхаасаа дагасан нөгөө ангийн залуу амьдралын материаллаг утгаараа намайгаа хол хаячихаж ээ. Гурван өрөө байртай, машинтай, эхнэртэй, охинтой, бас дарга. Дунд сургуульд байхын санахад манай урд талын урд гудманд байдаг, эцэг нь морин тэргээр ус зөөж зардаг, хааяа мань нөхөр ч явж байдаг, ээж нь ажилгүй бас гурван дүүтэй. Манайхаас лав дээрдэхгүй гэхдээ тийм их дор ороод байхгүй л амьдрал ахуйтай айл байсан. Зургаан жилийн доторх манай хоёрын байдал эрс өөр болжээ. Тэр хүн бүхний “хүсдэг” амьдралд хүрсэн бол, би яг хэвэндээ. Тэр нам дагасан би ном гэхээ байг гэхэд өөрийнхөө хэмжээнд шударга амьдрах гэж үзсэн. Хүмүүс яагаад төрийн албанд орох гэж нүдээ ухахаас буцдаггүйг “голдоо ортол” ойлгож байгаа минь энэ хэмээн бичжээ. Ингээд л шударгаар амьдрах гэсэн нэг нь нам дагасан нэгнээсээ дор амьдарч байна. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд нам дагасан хүний амьдрал хэрхэн сайжирч байгааг зөндөө л харсан бус уу?
Энэ мэтчилэн толгойтой бүхэн нь нам дагах гээд байгаагийн цаад учир нь амьдрал ядуу байгаатай холбоотой юм. Тэрнээс биш хэн нэгэн даргын урд толгойгоо бөхөлзүүлээд гүйгээд байх сонирхол байхгүй байх. Нам дагаж амар хялбар амьдрах сэтгэлгээг өөрчлөх гарц нь нөгөө л нэг ядуу байдлаасаа салж монголчууд бидний амьдрал сайжрахыг хүлээх тухай асуудал юм. Тэрнээс биш нам дагаж амар хялбар амьдрах бодлоо хаяад өөрсдөө чин шударгаар хөдөлмөрлөх цаг болжээ гэж уриа лоозон барин жагсаж хүмүүсийг уриаллаа гээд нэг их үр нөлөө өгөхгүй. Тэгвэл ядуу байдлаасаа яаж салах вэ? гэдэг том асуулт гарч ирнэ. Цааш бичвэл улс төрийн томчуудын шунахай сэтгэл, төрийн тогтолцооны буруу хэв маяг, иргэний нийгмийн байгууллагуудын идэвхгүй үйл ажиллагаа, авлига, хээл хахууль, төрийн байгууллагуудын хүнд суртал, эх орныхоо баялгийг худалдсан алтан дээр суусан гуйлгачин байдал, хувь хүний ухамсар гээд бүх л асуудлыг хөндөн бичих болж байна. Хэзээ бидний амьдрал сайжирч нам дагасан залуустай байхаа больж энэ бүх асуудал шийдэгдэх юм бэ улс орныг удирдаж буй томчуудаа!