Нүүдэлчдийн соёлын наадам Улаагчны хар нуурын эрэгт болно
Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Улаагчны хар нуурын эрэг дээр Монголд анх удаа "Нүүдэлчдийн соёлын наадам"-ыг 2017 оны 7 дугаар сарын 23-25 хооронд амжилттай зохион байгуулсан билээ. Тэгвэл уг наадам энэ жил 7 сарын 4-6 хооронд Улаагчны хар нуурын эрэг дээр дахин зохион байгуулагдах юм байна.
Эрдэнэхайрхан суманд байх Улаагчны хар нуур нь Улаанбаатар хотоос 1103 км, аймгийн төвөөсөө 110 км зайд, Эрдэнэхайрхан сумын төвөөс зүүн хойш 80 км зайд байрладаг. Улаагчны хар нуур нь хойд талаараа элсэн манхнаар, урд талаараа зэгсээр хүрээлэгдсэн хосгүй үзэсгэлэнт газар.
Өнгөрсөн жилийн наадмын хувьд үхэр, тэмээ, адуу болон богийн отог гэсэн зохион байгуулалттайгаар нүүдэлчин монголчуудын зан заншил, түүх соёлыг гадаадын жуулчид болон үр хойчдоо таниулан сурталчилах, улбаалан авч үлдээх сайхан үйл ажиллагаа болсон. Уг наадам жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах бөгөөд Завхан аймгийн хувьд аялал жуулчлалаа хөгжүүлэх том боломж болоод байна.