Шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр өнөөдөр, маргаашдаа зарим нутгаар нойтон цас орж, салхи ширүүсэн, шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байгааг Ус цаг, орчны шинжилгээний газраас мэдээлж байна.
31-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 4 дүгээр сарын 01-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгаар, 2-нд зүүн болон говийн аймгуудын нутгаар, 3-нд баруун болон төвийн нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 31-нд баруун аймгуудын нутгаар, 4 дүгээр сарын 01-нд ихэнх нутгаар, 2-нд зүүн зүгийн нутгаар 18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна.
4 дүгээр сарын 01-нд нутгийн хойд хэсгээр, 2, 3-нд ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна хэмээн мэдээлж байна.