Гадны банк биш дотоодын банкаа дэмжье
Сүүлийн үед гаднын банк орж ирэх эсэх нь талцал дагуулсан асуудал болоод байгаа юм. Банкны салбарт өрсөлдөөн бий болж, чанар сайжирч, нөхцлүүд нь зөөлрөх боломжтой ба бага хүүтэй зээл олгодог гаднын банк орж ирснээрээ арилжааны банкууд зээлийн хүүгээ бууруулах давуу талтай гэж үзэж байгаа юм. Ийм эерэг нөлөөтэй ч гэсэн гаднаас банк орж ирсний маргааш л зээлийн хүү буурчихна гэсэн үг биш.
Одоогийн байдлаар бусад улсуудад гаднын банк орж ирснээрээ шууд зээлийн хүү буурсан гэсэн судалгаа байхгүй байна. Өрсөлдөөний явцад л зээлийн хүү буурна. Заавал гаднын банк орж ирээд зээлийн хүүг бууруулах биш төрөөс зохих арга хэмжээг шат дараатай авч дотоодын банк хоорондын өрсөлдөөнийг нэмэгдүүлж зээлийн хүүг бууруулж болох гарц харагдаж байна. Товчоор хэлбэл гаднын банк ямар байна түүнээс үлгэр жишээ авч Монголдоо буулгаж дотоодын өрсөлдөөнийг бий болгож зээлийн хүүг бууруулж болох юм.
Гаднын төв банкууд арилжааны банкууддаа санхүүжилт их хэмжээгээр олгодог. Тэд арилжааны банкаа дэмжээд цаашлаад арилжааны банкаараа дамжуулаад яаж бизнесээ дэмжих вэ? гэдэг талаас нь бодлого хэрэгжүүлдэг. Гэтэл манайд нөгөө л нэг хүнд суртал, амар хялбар байдлаа бодсоноос болж ийм зүйл хэрэгжүүлэхийг зорихгүй байна. Мөн өрсөлдөөн сул байгаа нь хууль дүрэмтэй холбоотой. Хууль дүрмээ чангатгаж өгөх нь зайлшгүй асуудал болоод байна. Эдгээрийг хэрэгжүүлэхийн тулд бодлого тодорхойлогчид, хууль, дүрэм журам боловсруулж буй хүмүүсийн мэргэжлийн мэдлэг маш сайн байх хэрэгтэй.
Банк бол ашгийн төлөө байгууллага. Хэрвээ гаднын банк тэр дундаа хамгийн их яригдаж буй дэлхийд хоёрт жагсдаг “Bank of China” Монголд орж ирэх юм бол үндэсний аюулгүй байдал яригдах магадлалтай. “Bank of China” орж ирээд иргэдийн энгийн данс, хадгаламжийн гүйлгээний харилцааг чухалчлахгүй ба жижиг дунд үйлдвэрлэлд хөрөнгө оруулахгүй.
Харин томоохон хэмжээний төсөл хөтөлбөр эсвэл Хятадын хөрөнгө оруулалттай компанийг санхүүжүүлэх замаар Засгийн газартай хамтарч ажиллахыг зорино. Томоохон хэмжээний төсөл хөтөлбөрт зээл олгоод төлж чадахгүйд хүрвэл өөртөө авах бодлого баримтлах магадлал тун өндөр юм. Яагаад Хятадын талаас манайд энэ банкийг оруулж ирэх гээд шахаад байна вэ? гэдэг нь бодох л асуудал юм.
Гаднын банк оруулж ирээд эдийн засгийн хүндэрлээсээ гарна гэдэг баталгаатай зүйл биш юм. Дотооддоо энэ асуудлаа шийдвэрлэх олон аргууд байна. Хий хоосон ярих биш хэрэгжүүлэх л дутаж байна.