Д.Мөнхтүшиг “Рио Тинто”-ийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллана
Рио Тинтогийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирлаар Д.Мөнхтүшиг томилогджээ. Тэрээр Рио Тинтогийн шинэ оффисыг удирдан ажиллах бөгөөд Рио Тинто групп Монгол Улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зорилгоор Улаанбаатар хотод шинэ оффис нээн 80 гаруй монгол ажилтанг ажиллуулах аж. Шинэ оффис нь тус группын хайгуулын хөтөлбөр, технологийн төвд дэмжлэг үзүүлж, Монгол дахь бүх түншлэгч талуудтай харилцаагаа бэхжүүлэхэд анхаарч ажиллах юм байна. Тус шинэ оффист Рио Тинтогийн Монгол дахь геологи хайгуулын баг болох “Рио Тинто Эксплорейшн” (Ар-Ти-Икс) болон Рио Тинтогийн Мэдээллийн систем, технологийн багийн Монгол дахь салбар болох "Монголиа Дэливэри Цэнтр” (Эм-Ди-Си) байрлах юм байна. “Монголиа Дэливэри Цэнтр” нь Рио Тинтогийн олон улс дахь үйл ажиллагаанд дэмжлэг үйлчилгээ үзүүлэх юм.
Рио Тинтогийн Гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак хэлэхдээ “Монгол Улс нь Рио Тинтогийн хувьд стратегийн ач холбогдол бүхий зах зээлүүдийн нэг бөгөөд бид урт хугацаанд үйл ажиллагаа явуулах болно" гэжээ. Харин Д.Мөнхтүшиг “Монгол Улсын итгэлт түнш болохоор зорьж буй компанийг удирдах гэж буйд баяртай байна. Рио Тинто нь Оюу толгойгоор дамжуулан Монголд үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бөгөө энэхүү хөрөнгө оруулалтаа урт хугацааны бат бэх түншлэл болгон хөгжүүлэхээр чармайж байна. Цаашид Рио Тинтогийн зүгээс манай улсад улам бүр нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын бодлогыг тодорхойлж, чиглүүлэхэд хувь нэмрээ оруулах гэж буйдаа таатай байна” хэмээн онцолжээ.
Дашрамд дурдахад, Д.Мөнхтүшиг нь төрийн алба, уул уурхай, түүхий эдийн салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд өмнө нь “Нобел” группын Монгол дахь салбар, Монголын Хөрөнгийн Бирж, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Ажлын алба болон хэд, хэдэн томоохон компаниудад удирдах түвшинд ажиллаж байжээ.