Үдийн цайндаа гурван минутын өмнө гарсан ажилтан цалингаа хасуулжээ
Япончууд цагийг яс баримталдаг улс. Өнгөрсөн сард Японы төмөр замын компани 25 секундын өмнө галт тэрэг хөдөлсөнд олон нийтээс уучлалт гуйж байсан. Тэгвэл цаг барихтай холбоотой өөр нэг шуугиан Японд дэгджээ.
Японы Кобе хотын баруун өмнөд хэсэгт орших ус дамжуулах төв станцад ажилладаг 64 настай ажилтан гурван минутын өмнө үдийн цайндаа орохоор гарсныг удирдлагууд нь өршөөгөөгүй аж. Тэрээр 2017 оны есдүгээр сараас 2018 оны гуравдугаар сар хүртэл нийт 28 удаа ажлын байраа цагаасаа өмнө орхижээ. Энэ нь нийт 78 минут болж байгаа тул хагас өдрийн цалинг нь хассан байна. "Манай үдийн цайны цаг 12.00-13.00 хүртэл байдаг. Тэр цагаасаа өмнө ширээгээ орхиж гарсан" гэж Ус дамжуулах станцын удирдлага хэлжээ.
Хэвлэлийн бага хурал дээр хотын захиргааны дөрвөн албан хаагч олон нийтээс хүлцэл өчиж дөрвөн секундын турш бөхийн ёсолжээ. Энэ нь Японы уучлалт гуйх уламжлалт арга аж.