"ДАШТ-2018": Саудын Арабын шигшээ багийн сууж явсан онгоц шатжээ
Саудын Арабын шигшээ багийнхан Уругвайн шигшээ багтай маргааш тоглох хуваарьтай. Багийн гишүүд өнөө өглөө Санкт- Петербург хотоос Донын Ростов хот руу ниссэн бөгөөд хөлбөмбөгчдийн сууж явсан "Airbus A319" загварын онгоцны хөдөлгүүр нислэгийн үед шатсан аж. Гал онгоцны их бие рүү орсон ч зорчигчид болон онгоцны багийнхан нисэх буудалд эсэн мэнд газардсан байна.
Саудын Араб 2006 оноос хойш хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнд оролцож байгаа бөгөөд өнгөрсөн пүрэв гаригт Москвад болсон нээлтийн тоглолтонд Оросын шигшээ багт 5:0 харьцаагаар хожигдсон юм.
Оросын Холбооны Агаарын тээврийн агентлаг Росавиация "Буудлаас хөөрөх үед үед хөдөлгүүрт гал гарч эхэлсэн болохыг бид тогтоосон, энэ явдлыг үргэлжлүүлэн шалгах болно" гэж мэдэгджээ. Саудын Араб улсаас ДАШТ-д оролцож буй хөлбөмбөгчдийнхөө хэрэгцээнд зориулан энэхүү хувийн онгоцыг гаргаж өгсөн юм байна.