ОХУ Польшийн хилээс 80 км-ийн зайд цөмийн зэвсэг нууж байгаа юу?
ОХУ Польшийн хилээс 80 км-ийн зайд байрлах Калининград хотод газар доор цөмийн зэвсэг нуусан байж болзошгүй гэж Америкийн эрдэмтдийн холбооныхон үзэж байгаа гэнэ. Тус хотод ДАШТ-ий тоглолт болж буй. Тухайн газарт 2016 оноос газар доорх нуувч ухаж эхэлсэн бөгөөд хамгийн сүүлд авсан сансрын зургаас харахад нэлээд хэдэн өөрчлөлт хийсэн байжээ. Энэ нь тус газрыг ашиглаж эхэлснийг илтгэж буй хэрэг хэмээн таамаглахад хүргэсэн байна. Уг газрыг ОХУ агаарын хүч, эсвэл усан цэргээ байрлуулах зориулалтаар ашиглаж магадгүй гэсэн таамгийг ч судлаачид дэвшүүлж байгаа гэнэ.
"Газар доорх уг агуулах ОХУ-ын цөмийн зэвсгийн бусад агуулах байгууламжийн шинж чанарыг өөртөө агуулж байна. Сүүлд авсан сансрын зурагт шинэ зүйлс нэмэгдсэн байсан. Тодруулбал, агуулах болгон гурван давхар хамгаалалтын хашаатай болсон байна. Энэ нь ОХУ-ын бусад цөмийн агуулахад байдаг шинж тэмдэг юм" гэж Америкийн эрдэмтдийн холбооны судлаач Ханс М.Кристэнсэн (Hans M. Kristensen) хэлсэн байна.
ОХУ тус газар үнэхээр цөмийн зэвсэг хадгалж байгаа үгүй нь тодорхойгүй боловч ямартай ч уг газрыг ашиглаж эхэлсэн гэдэг нь баттай байгаа юм.