"World Cup 2018" хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс маш олон хүн ОХУ-ыг зорих болсон. Жуулчдын урсгал хамгийн их байдаг Москва хотод нэгэн томоохон осол өнгөрсөн бямба гаригт болсон байна. Улаан талбайгаас 200 метрийн зайд байрлах Илинка гудамжинд нэгэн таксины жолооч замаасаа гарч, явган хүний зам руу орсны улмаас найман хүнийг бэртээсэн байна. Осол гаргасан жолооч унтаж амралгүй 20 цаг тасралтгүй жолоо барьсны улмаас хааз тоормозоо ялгалгүй хөлбөмбөгийн фанатуудыг дайрчээ.
Такси 10-аад метр яваад, замын тэмдэг мөргөн зогссон байна. Уг ослоор Мексик, Орос, Азербайжан, Украин зэрэг улсын иргэд гэмтсэнээс долоо нь хөнгөн, нэг нь хүнд бэртжээ. Осол гаргасан жолоочийг Чынгыз Анарбек Уулу гэдэг аж. Энэ жил 28 настай тэрээр цагдаад өгсөн мэдүүлэгтээ 20 цаг тасралтгүй жолоо барьснаа хүлээсэн байна. “Осол болохоос өмнөх тэр хэсэг хугацаанд юу болсныг санахгүй байна. Би маш их харамсаж байна. Би зүгээр л гэртээ харих талаар бодож явсан. Миний үйлчлүүлэгч 100 метрийн зайд хүлээж байсан. Би тэр хүнийг хүрэх газар нь хүргэчихээд гэртээ харьж унтах талаар л бодож байсан. Гэвч ийм зүйл болсон” гэж тэрээр хэлжээ.
Бичлэгээс ногоон, хар өнгийн цамцтай залуус машины хаалгыг нээхийг оролдож байна. Жолооч машинаасаа гарч залуусаас зугтааж чадсан ч түүний араас хилэгнэсэн баахан хүн хөөж байсан юм.
"Би нэг залууг машиныхаа урдуур гаргахыг хүссэн. Тэгээд тоормос гишгэлээ гэж бодсон боловч хаазаа гишгэчихсэн байсан. Тэгээд юу болсныг би санахгүй байна. Олон хүн нааш ирж байхыг хараад их айсан учир зугтаасан. Тэд намайг алж ч мэдэхээр байсан" гэж Чынгыз Анарбек Уулу хэлжээ.
Лалын шашинтай таксины жолооч өмнө нь холимог тулааны тамирчин байсан төдийгүй дэлхийн хэмжээний тэмцээнээс хүрэл медаль хүртэж байжээ.
Осол гаргасан таксины жолооч Чынгыз Анарбек Уулу
Тэрээр эхнэр, дөрвөн настай охины хамт амьдардаг аж. Сүүлийн нэг сарын хугацаанд байнга 20 цагийн гараатай ажиллаж байгаа бөгөөд өдөрт 2-3 цаг л унтаж амардаг гэнэ.
Хэргийн газар байсан гэрчүүдийн хэлж байгаагаар жолооч машинаас буумагцаа хилэгнэсэн олонд хөөгдсөн байна. Жолооч зугтаж байхдаа цагдаа нарт баригдсан байна.
Таксины жолооч Киргизстан улсын жолооны үнэмлэхтэй байжээ