Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол, Оросын ЗГХК-ын Оросын хэсгийн дарга С.Е Донскойтой уулзлаа
Монгол Улсын Шадар сайд, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Ө.Энхтүвшин ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Орос, Монголын ЗГХК-ын Оросын хэсгийн дарга С.Е.Донскойг өнөөдөр (2018.04.25) Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Тэд Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 21 дүгээр хуралдааны үр дүнд хоёр талын эцэслэн тохирсон ажил хэргийн гүйцэтгэлийн үйл явцын талаар болон цаашид шийдвэрлэх хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцов.
Шадар сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Москва хотноо болсон хуралдаанаас хойш хоёр тал ердөө хоёр сарын дараа Улаанбаатарт дахин нүүр тулан ярилцаж байгаа нь тун ажил хэрэгч, завшаантай үйл явдал хэмээн онцлоод, өнгөрсөн хугацаанд Монголын хэсэг Комиссын протоколын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөг батлуулж, холбогдох яамд, байгууллагад чиглэл өгч идэвхтэй ажиллаж байгааг дуулгалаа.
Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 21 дүгээр хуралдаан хоёр улсын хөдөө аж ахуй, боловсрол, уул уурхай зэрэг салбарын харилцаанд тодорхой ахиц авчирсны гадна ялангуяа зам тээвэр, эрчим хүчний салбарын хамтын ажиллагаанд томоохон хөрөнгө оруулалтыг шийдсэнээрээ онцгой хуралдаан болсон билээ.
Шадар сайд Ө.Энхтүвшин монгол иргэдийн зүгээс олон жил хүлээж буй үл хөдлөх хөрөнгийн асуудлаар нааштай алхам хийхээр тохирсноо Оросын тал хэрэгжүүлэх шаардлагатай талаар Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын даргын хувьд С.Е. Донскойтой дэлгэрэнгүй ярилцлаа.