Хөлбөмбөгийн ДАШТ-ний “Алтан дагина” цом Монголд анх удаа ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хөлбөмбөгийн ДАШТ-ий Алтан цомыг өргөж, хөлбөмбөг сонирхогч болон баг, тамирчдад баяр хүргэж үг хэллээ.
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дэлхийн аваргаар шалгарсан багт түр хугацаанд очдог Алтан цомыг 2006 оноос эхлэн дэлхийн улс орнуудаар аялуулж эхлүүлжээ. Цомыг энэ жил дэлхийн 50 гаруй улсын 91 хотоор аялуулах маршрутад Монгол Улс багтсан бөгөөд Дэлхийн хөлбөмбөгийн холбооныхон Алтан цомыг өнөөдөр Улаанбаатар хотод авчирч, Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд олон нийтэд үзүүллээ.
Энэ цомд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн баг, тамирчид эсвэл Алтан цом аялж буй улсын Ерөнхийлөгч гар хүрэх эрхтэй байдаг байна. Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Алтан цомыг өндөрт өргөж, хөлбөмбөгийн хорхойтон, энэ спортоор хичээллэгч тамирчин, багш дасгалжуулагчдад хандан үг хэлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:
“Хөлбөмбөгийн хорхойтнууд, энэ спортоор хичээллэгч тамирчид, багш дасгалжуулагчид, Монголын хөлбөмбөгийн холбооны удирдлагууд Та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе.
2006 оноос уламжлал болсон Дэлхийн цомын “Трофи тур” аялал дэлхийн 50 гаруй улс, 91 хотоор дамжиж өнөөдөр Улаанбаатар хотод ирж байгаад монголын хөлбөмбөг сонирхогчид, тамирчдын өмнөөс болон хувиасаа машид баярлаж, талархаж байна. Монгол Улсад тавтай морилно уу. Монголын хөлбөмбөгийн спортын хөгжилд түлхэц өгч, тамирчид, сонирхогчид, хөгжөөн дэмжигчдийн урмыг нэмсэн, бахархлыг төрүүлсэн содон сайхан үйл явдал болж байна" гэлээ.
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Алтан цом нь 6.1 кг жинтэй, 36.8 см өндөр, 18 каратын таван кг алт орсон бүтээл юм