Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж нарыг Засгийн газрын бүрэлдэхүүнээс огцруулахыг Ерөнхий сайдаас шаардлаа
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, бүлгийн дэд дарга Ж.Батзандан нар мэдээлэл хийсэн юм.
Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж нарыг Засгийн газрын бүрэлдэхүүнээс огцруулахыг Ерөнхий сайдаас шаардлаа
Ерөнхий сайд "У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад зургаан сар өнгөрч байна. Энэ хугацаанд зарим сайд нарын хариуцлагагүй үйл ажиллагаа ард түмний бухимдлыг төрүүлсээр байна.Тиймээс Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасны дагуу Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарыг Засгийн газрын бүрэлдэхүүнээс огцруулах тухай саналаа УИХ-д оруулж ирэх шаардлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд хүргүүлж буй тухайгаа Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээллийн эхэнд онцоллоо.
Тухайлбал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар АТГ-т шалгагдаж байгаа "Хотгор шанага"-ын уурхайг БНСУ-ын иргэдэд зарсан тухай асуудлыг нэг тийш нь болгох шаардлагатай . Мөн Ч.Хүрэлбаатар Төсвийн тухай хуулийг зөрчиж, нийт 110 гаруй тэрбум төгрөгийн төсвийн орлогын зохицуулалт хийгээгүй хуулийн зөрчил гаргасан.
Хоёрдугаарт, Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж УИХ-ын 2016 оны 69 дүгээр тогтоол, Засгийн газрын 2017 оны 38 дугаар тогтоол, Төсвийн хуулийг зөрчсөн хариуцлагагүй үйлдэл нь нотлогдсон гэж үзэж байгаа. Мөн Ц.Нямдорж сайд сүүлийн 10-аад жил "Bella Vista" хотхонд Эрдэнэтийн 51хувийг барьцаанд тавин зээл авч Монгол Улсыг 100 гаруй сая долларын өрөнд оруулсан Ш.Батхүүтэй хамаарал бүхий Г.Алтангийн мэдлийн байранд түрээсийн төлбөр төлөлгүй амьдарч байгаа гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн.
Энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандан өргөдөл гаргасны хариуд Цэцийн зүгээс тухайн асуудлыг АТГ-аар шалгуулах нь зүйтэй гэсэн хариу өгсөн байдаг. Ц.Нямдоржийн үнэгүй түрээсийн байрны эзэн Г.Алтан нь "Жаст"-ын гэх Ш.Батхүүд зээлсэн нэрийдлээр "Төрийн банк"-наас 53 тэрбум төгрөг гаргуулах болсон нь хууль бус, "Төрийн банк" дээрх хууль бус шийдвэрийн улмаас дампуурч болзошгүй хүнд нөхцөлд орсон гэдгийг тус банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан мэдэгдсэн Энэ бүх зүйл бодит зүйлээр нотлогдож байгаа учир Ц.Нямдоржид зайлшгүй хариуцлага тооцох ёстой гэж үзсэн.
Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар дэд ажлын хэсэг байгуулав
"Оюутолгой" ХХК, "Тавантолгой" ХК, "Эрдэнэт үйлдвэр" ХХК-тай холбоотой асуудлаар байгуулагдсан ажлын хэсгийн дэд ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэсэн.
Уг ажлын хэсгийн удирдамжийг баталж, гурван ажлын дэд хэсгийг зохион байгуулж ажиллахаар болов. Таван толгойн асуудал дээр гол анхаарах зүйл нь "Эрдэнэс таван толгой" ХК-ийн өнөөгийн нөхцөл байдалтай танилцаад санхүүгийн тайланг үзэх. Ялангуяа бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээнүүдийн биелэлтийг зайлшгүй эргэж харах шаардлагатай. Ажлын дэд хэсгийг бүлгийн дэд дарга Ж.Батзандан ахалж ажиллана. Харин Оюутолгой компанийн өнөөгийн нөхцөлд байдал, төслийн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлыг нягталж үзэж, дүгнэлт гаргах ажлын дэд хэсгийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа, "Эрдэнэт үйлдвэр"-ийн өнөөгийн нөхцөл байдал, тус үйлдвэрийг Стандарт банканд барьцаанд тавьсан асуудлыг шалгаж, дүгнэлт өгөх ажлын дэд хэсгийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоор тус тус ахлуулан ажиллуулахаар болсон. Эдгээр ажлын хэсгүүд ирэх тавдугаар сарын 20-ны дотор ерөнхий дүгнэлтүүдээ бүлэгт урьдчилан танилцуулах үүргийг өгсөн байгаа.
Д.Эрдэнэбат: "Стандарт" банканд 109 сая доллар өгч чадаж байгаа хэрнээ хүүхдүүдээсээ 10 гаруйхан тэрбум төгрөг харамладаг төр байгаад хэрэггүй.
Шаардлага:
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Энэ хаврын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж амжих уу?
-Үндсэн хуулийн асуудлаар Ардчилсан намын бүлэг зарчмын байр сууриа илэрхийлсэн. Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага байгаа ч хавтгайруулсан маягаар олон зүйл заалтыг өөрчлөх шаардлага байхгүй. Ажлын хэсэгт миний бие Ж.Батзандан гишүүн ороод, ажиллаж байгаа. Үндсэн хууль батлагдахдаа нийт ард иргэдийн санал асуулга явуулаад, улстөрийн намууд, төрийн бус байгууллагуудтай бүрэн ойлголцолд хүрсний дараа УИХ-ын 76 гишүүн батлаасай гэсэн хүсэл эрмэлзэл бидэнд байна. Түүнээс олонхи 65-ын хүчээр өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн байдлаар Үндсэн хууль гар хүрч болохгүй. Үндсэн хуулийн хэлэлцүүлэг ажлын хэсгийн хуралдаанаас харахаар энэ хаврын чуулганаар багтаж Үндсэн хууль хэлэлцэнэ гэж итгэхгүй байгаа. Хэрвээ МАН-ын бүлэг бүлгээрээ хуралдаад "бид 65-уулаа энэ хуулийг батлаад явна" гэвэл асуудал шал өөр тийшээ эргэх болно.
-Өнгөрсөн долоо хоногт хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох хуулийн төслийг хэлэлцэх байсан. Яагаад хойшлуулсан юм бол?
-Хүүхдийн мөнгөний тухай асуудлаар маш удаан хугацаанд улстөржиж байна. Өнгөрсөн долоо хоногийн байнгын хорооны хуралдаанаар ч улстөржсөн асуудал гарсанд би шүүмжлэлтэй хандаж байгаа. Учир нь Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль, Засгийн газрын өргөн барьсан хуулийн төслүүдээр хамтарсан ажлын хэсэг байгуулаад хэлэлцээд явсан бол илүү эрүүл байх байсан. ОУВС-гийн нэрийн доор хүүхдийн мөнгийг 100 хувь олгож чадахгүй гэдэг бол буруу. Хэрвээ хүүхдүүдийн 80 хувьд олгоод үлдсэн 20 хувь 17 тэрбум төгрөг байгаа. Монгол Улс эдийн засгийн өсөлттэй, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өнөөдөр ийм өндөр байгаа нөхцөлд 17 тэрбум төгрөгийг хүүхдүүдээс харамлах шаардлага байхгүй. Тиймээс дээрх хоёр хуулийн төслийг хамтарч хэлэлцээд явах нь зүйтэй гэсэн саналтай байгаа. МАН хүүхдийн мөнгийг улстөрд битгий ашиглаасай. Учир нь хүүхдийн мөнгийг ОУВС зөвшөөрөхгүй байна гээд 40 хувь болгосон. Үүний дараа 60 хувь болгоод, одоо ОУВС-гийн зөвшөөрлөөр 80 хувь болгож байна гэдэг бол худлаа. МАН-ынхан сонгуулийн өмнө үлдсэн 20 хувьд нь хүүхдийн мөнгийг өгчхөөд "бид 100 хувь хүүхдийн мөнгийг өглөө" гэдэг хуурамч улстөр хийнэ. Хүүхдүүдээр ингэж улстөр хийж болохгүй. 10 гаруй тэрбум төгрөг хүүхдүүдээсээ харамлаж байгаа бол энэ Засгийн газар байх хэрэггүй. Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар Стандарт банканд 109 сая доллар өгч чадаж байгаа хэрнээ хүүхдүүдээсээ 10 гаруйхан тэрбум төгрөг харамладаг төр байгаад хэрэггүй.
-Сангийн сайдтай холбоотой "Хотгор шанага"-ын асуудлыг АТГ шалгаж байгаа. Мөн Төсвийн хууль зөрчсөн гэдэг асуудлыг тодруулаач?
-Ч.Хүрэлбаатар сайдтай холбоотой асуудлаар нийтэд олон зүйл нотлогдож ил болсон. Төсвийн хууль зөрчсөн асуудлын тухайд Хүн амын орлогын албан татварт өөрчлөлт оруулж хоёр шатлалтай болгосон. Үүнээс болж 40 орчим тэрбум төгрөгийн төсвийн дутагдал үүсэн. энэ 40 орчим тэрбум төгрөг зөвхөн төсвийн төвлөрсөн дансанд үүсээгүй. Бүх орон нутгийн дансанд үүсээд зайлшгүй төсвийн тодотгол хийх ёстой хуулийн заалтыг хийхгүй байгаа хууль зөрчиж байгаа гэдэг энгийн жишээгээр тайлбарлаж болох юм.
-Ц.Нямдорж сайдтай холбоотой түрээсийн байр нь Жастын Ш.Батхүүтэй, Алтангийн зээлтэй холбогдож байна гэлээ. Яг яаж холбогдож байгаа юм бэ?
-Ц.Нямдорж сайд Г.Алтантай ашиг сонирхлын зөрчил байгаа гэдгээ олон зүйлээр нотолсон. Тиймээс энэ нотлогдсон зүйлийг нэг тийшээ болгож, хариуцлага тооц гэж хэлж байгаа юм.