Үлэмж өрнийн титэм

Зохиолч, сэтгүүлч Б.Золбаяр, Э.Энэрэл нар “Ертөнц энд” хэмээх номыг гаргажээ. Таныг дэлхийн ертөнцөөр аялуулах эл номын дээжээс толилуулж байна.

Францын хил гааль шиг төвөггүйг үзсэнгүй. Зүгээр л гэртээ ирж байгаа юм шиг алхалсаар Парист орж явчихлаа. Үүдээр нь оруут нээлттэй сайхан орон болох нь аяндаа мэдэгдэж байна. Аливаа газар оронд зорчиход үүд тотгоос нь эхлээд төвөг мундраагүй явчихбал тэр л өнгөөрөө өөдрөг аятай байдаг. Бас гэгээн гэрэлтэйгээр харж, уудлан нээх аян шалтаг мунддаггүй. Үлэмж өрнийн яруу сайхан Парис хот ийнхүү бодогдуулан элэгсэг дотноор гэрэлтэн угтсан юм.

Булонь хэмээх цэмцгэр болоод бэсрэгхэн дагавар хот

Эртний энэ хотын баруун умардад Булонь хэмээх цэмцгэр болоод бэсрэгхэн дагавар хот оршино

Булонийн зүүн хойтод саглагар саглагархан модот ногоон ой хүрээлнэ. Энэ ойг хотынхон Парисын хоёр уушгийн нэг гэнэ. Ойн моддын чийглэг болоод сэрүүхэн амьсгал Булоньд амьдрагсдын ая тухыг таатайяа хангах агаад амар амгалангийн хот гэмээр намуун. Монгол Улсын Элчин сайдын яам энэ сайхан бүсэд байрлах бөгөөд тэндээс холгүйхэн нэгэн бичил зочид буудалд бяцхан төвхнөж амжив. Парист үдэш хэвийж байхад Улаанбаатарт маань үүр хаяарч байдаг юмсанжээ. Парист ирсний анхны өглөө эрт Булонийн ойгоор жаалхан алхаллаа. Наран мандах цагийн ойн чөлөөнд туулайнаас олон нь энэ өглөө алга. Хэд хэдээрээ “Өглөө боллоо, нар мандлаа” гэх шиг хөөцөлдөн тоглоцгоох ажээ. Тэрхүү туулайнуудын мөрүүд ойн хөвдөд тогтсон шүүдрийг зам гарган огтлолцсон байх нь тов тодхон. Тэнд сууж ойн чимээг тандваас мөн л нам гүм. Харин ойн өмнөдөөр урсах хурдны замаар довтолгох машинууд л шурт шуртхийх сонсогдоно. Булонь бол монголчуудын мэдэх ой билээ. Парисын тухай ярихад Булонь аяндаа дурдагдана. “Монте Кристо гүн”-ээс эхлээд олон зохиолд энэ ойн тухай өгүүлэгддэг. Хөвсгөлийн тайга гэдэг лугаа адил Булонийн ой монгол уншигчдад танил. Булонийн өглөө ийм байлаа. Харин үдшийн нь тухай жич өгүүлэмз.

Булонийн ойгоос Роберт Шуманы гудамжийг өгсч “Альфа” буудалдаа очдог. Роберт Шуман бол Европын парламентыг нэгэнтээ тэргүүлж байсан хүн юм билээ. Тоонот нь ч юм уу, амьдарч байсан ч юм уу, энэ Булоньтой холбоотой нь л холбоотой. Роберт Шуманы гудамж өглөө эртдээ хөнгөн гүйлтийн талбай болж хувирна. Өглөө эртдээ ч биш, үргэлж дандаа юм шиг билээ. Уул гудамж өгсч уруудан гүйгсдээр тасрахгүй. Францчуудад гоё сайхан байх амьдрахуйн хамгийн анхны шаардлага, зарчим бололтой. Ингэж гоё сайхан байхад хамгийн түрүүнд гүйж хэвшсэн байх ёстой байна. Өглөө босоод аяга буцалгасан ус уух тустай гэдэг шиг өглөө босоод гүйх хэрэгтэй гээд гарч өгдөг аж.

Парист ирээд юун түрүүнд анзаарагдсан зүйл бол зөв амьдрах дадал хэвшил. Энэ нь энгийн жишээнээс харагдаж байна. Наанадаж махлаг тарган хүн нэг ч харагдахгүй. Хувцасласан, хээнцэрлэсэн нь энгийн мөртөө ихэмсэг. Нуруу нь бөхийж, танаггүй өтөлсөн атлаа гоё ганганыг нь ээ, Парисын самгачуудын. Чүүчигнэж, салганасан тэдгээр эмгэдэд “Алив, танд тусалъя” гээд сугадаад авбал “Цаашаа гэм. Чиний тусламж хэрэггүй” гэх жишээний авирладаг юм гэсэн. Ер нь ч тэгэх байхдаа гэж бодогдуулмаар сурвалжит төрхтэй. Тийм нэг хязгааргүй бардам зан төрхийг нь нэхэн сурвалжилбал язгуур эртнийх биз ээ.

Булонийн шилтгээнүүдийн тагтан дээр өглөө маш эрт цав цагаан толгойтой эмгэд, өвгөд бөртөлзөж харагдана. Эмгэн нь олон доо. Бас тэр тагтнаа гоёмсог сайхан цэцгийн мандал алаглаж үзэгдэнэ. Энэ эмгэдэд цэцгийн дэлбээ адил явсан залуу нас бий. Алагласан сайхан цэцэг шиг гоо үзэсгэлэнтэй ч байсан биз. Одоо харин тэдний гоо үзэсгэлэн, залуу насыг тагтан дээрх цэцэгс нь л санагдуулаад, өглөө эртийн цэнгэг агаар урьд өмнийн сайхан дурсамжуудыг нь санагалзуулдаг байж мэдэх юм. “Өтөлж дээ, хөөрхий” гэж санаа алдацгаадагсанж уу, хэн мэдэх.

Угтаа энэ гоёмсог цэцгийн мандал франц айлын аж төрөхүйн соёл дэгийг тодорхой илтгэнэ. Хээнцэр ихэмсэг байдлын нь тэмдэг

Парист ирсний маргааш өглөө Булониос Францын радиогийн үүдэнд хүргүүлэв. “Парисаар жаахан явна байгаа” гээд гарч байгаа нь энэ. Эндээс нар ургахын зүгт бяцхан явтал өргөн Сенагийн хөвөөнд хүрээд ирнэ. Дэлхийн улс орнуудын нийслэлийн дундуур заавал нэг ийм сайхан гол мөрөн урсах ажээ. Москвагийн дэргэдүүр Москва гол, Сөүлийн бие дундуур Хан мөрөн, Улаанбаатарын үүдээр Туул, Парисын зүрхэн дээгүүр Сена тунаран урсана.  Дээл өмссөн хүн бүс бүслэх ёстойн адил нийслэлээ оршоосон хотыг ийм нэгэн усан бүс ороож байхын учирт эргэлзээ тээнэгэлзээ юусан билээ.

Сена мөрөн хөх ногоон өнгөөр мэлтэлзэнэ. Ийнхүү хөх ногооноор мэлтэлзэн байхуйд мөрийг нь унуулан тавьсан гоёмсог хийгээд эрхэмсэг гүүрүүдийн доогуур улаан цагаан өнгийн том бага завь, усан онгоцууд давалгаа үүсгэн гарч ирнэ. Энэ давалгаа нь тэлэн тэлсээр эрчээ алдан ирээд эргийн чулуун хашлагыг пүл пал цохих нь сонсогдоно. Сенагийн эргийн чулуун хашлага нов ногооноор замагшин хагтжээ. Энэ нь аглаг зэлүүдийн юм шиг санагдана.

Сена мөрний хойт хөвөөг барин алхалсаар Эйфелийн цамхагт ил гарч ирлээ. Нар төдийлөн өндөргүй мандах энэ цагаар Эйфелийн цамхгийн сарсгар сүүдэр арагш унаад, Сенагийн дээгүүр бас нэгэн урт хар “гүүрийг” хөндөлдүүлэн матжээ. Иргэншил хотшилын өнгө үзэмжид гүүр бол хамгийн чимэглэлт хэсгийн нэг байх. Сенаг унасан, жаргаж байгаа сарны хүрээг санагдуулсан олон цагаан гүүр нэн гоёмсог, төгөлдөр эрхэмсэг.

Тэндээс Эйфелийн цамхагт хэдхэн алхаад хүрчихэж байна. Цамхаг оройд гарах гэсэн хүмүүс эрийтэл дугаарлачихаж. Дандаа л ийм байдаг гэнэ. Францыг дэлхийн аялал жуулчлалын төв гэхэд бүрнээ болох биз.

Үүнийг нь ганцхан баримтаар нотолно. Өнгөрөгч онд эднийх өөрийн улсын хүн амаасаа илүү гийчин хүлээж авсан нь наян саяд хүрсэн юм билээ. Овоо том тоо шүү. Ингэж Франц руу шавдаг жуулчид “Юутай ч Эйфел дээр гарах юм шүү” гэлцдэг аж. Тиймээс л Эйфел хэмээх энэ нүсэр байгууламжийн дэргэд цагийн эргэлтэд ийнхүү жуулчид шаагилдан зогсоцгоодог байна. Цамхагт явгаар өгсөх шат ч байна, цахилгаан   нь ч байна. Цахилгаан шат нь арав гаруй еврогийн үнэтэй байв уу даа, суучихсан, яах ийхийн зуургүй сэгийгэл хүнгэнээд өөдөө явж өгөв. Дунд хэсэгт нь очиж зогсоод, нэгэнтээ шатаа сэлгээд бүр дээшээ явдаг юм байна. Ингээд титэм тавцан дээр нь гарахад Парис нүдний өмнө дөрвөн зүг, найман зовхист танантан гэрэлтэж үзэгдэх нь бахдалтай болоод үзэсгэлэнтэй. Парисын байшин барилгууд энэ өндрөөс тэртээ доор жижигрэн жигдрээд, цэгцтэй нь аргагүй өрж хатаасан цав цагаан ааруулууд шиг донж маягтай харагдах агаад, түүний дундуур цэнхэртэн гогцоорох Сена мөрөн нүнжигтэйхэн хадаг шиг туналзмой.

Францчуудын янаг ялдам, халуун энхрий ааль ааштайн тухай эртнээс өгүүлэлдэн ирснийг бид ямар нэг хэмжээгээр мэддэг. Эйфелийн энэ өндөрлөгт хөгшин хөвөө, залуу багын ялгаа алга. Уруул энгэсгийг нийлүүлж, илж энхрийлэлцэхийн олонтойг жаахан давслаад хэлбэл цамхгийн аварга багануудын гагнаас бэхлээсээс ялгаагүй мэт. Эндээс улбаалаад хэлэхэд Эйфелийн цамхаг өөрөө хайрын бүтээл юм билээ.

Густав Эйфел хэмээх эр өөрийн энхрий охиндоо хайртайгийнхаа илэрхийлэл болгож нэгэн цамхгийг бүтээжээ. Тэрхүү цамхгийнхаа оройд тавлаг сайхан орчинг бүрдүүлж, охиноо найз нөхөдтэйгөө төрсөн өдөр, өөр бусад баяраа тэмдэглэж байх бололцоог олгосон байна. Охиноо гэсэн эцэг хүний хайрын энэ бүтээмж шийдэл нь аугаа том цамхгийг бүтээх санааг төрүүлсэн байна. Ингээд тэрбээр Томас Эдисон хэмээх нэрт зохион бүтээгчид уг санаагаа хэлснээр дэлхийн долоон гайхамшгийн нэг энэхүү цамхаг сүндэрлэжээ. Энэ гайхалтай түүхийг цамхгийн оройд хананаа барлан өгүүлсэн байх бөгөөд Эйфел, Эдисон нарын лаан баримлыг мөнхжүүлэн залсан байна билээ. Их хайр   их гайхамшгийг бүтээдэг аж. Цамхаг бүтээгдээд даруй зуун жил өнгөрч. Хойшид олон олон жил орших биз. Оройд нь гарсан хүн бүр Эйфел хэмээх хүний их сайхан хайрын тухай өгүүлэлдэнэ. Хайртай охины нь тухай ярилцана. Хайрын тухай домог түүх үргэлжилнэ. Парисаас мэндчилж байна, Эйфелээс мэндчилж байна гэвэл хүмүүс “Хайрын хотоос мэндчилсэнд баярлалаа” гэж чин сэтгэлээсээ хэлдэг юм гэсэн.

Эйфелийн тэргүүнээс гэрэлт цагаанаар сацарсан Парисыг үзнэ. Их сайхан хайрын тухай сонсоно. Тэндээс буухад хэнд болов гэгээн элбэрүү, энхрий ачлалт сэтгэл аяндаа төрөх амой.

Парисын гудамжаар алхална гэдэг сэтгэл баясч, нүд нээгдэхийн түмэн шалтгаантай ажээ. Байшин барилга бүр өөр өөрийн давтагдашгүй шинж чанар, өнгө үзэмжийг илтгэнэ. Урлал ханасан бүтээлүүдийн нийлбэр, ухаан сийлсэн чамин туурвилуудын эмхэтгэл бол Парис хот юм .

Луврын музей

Луврын музей үзэхээр явах замд тааралдагч бүхэн, зүгээр л нэг гүүрийн хашлага төдийд шигтгэсэн алтан шармал матрын дүрснээс ургуулаад бодохоор иргэнших, хотших, амьдрахуйн хязгаарт ирсэн санагдана. Луврын хүрээнд баруун талаас нь орж ирэхэд тэр хавийн газар нэлдээ цав цагаан. Цахиур тээрэмдээд харгуулчихсан юм шиг тийм цагаан. Төв хэсэгт нь хиймэл нуур цэнхэртүүлэн байгуулсан байхын мандал дээр нь нугас галууд хөвнө. Тэрхүү нуурыг тойрон гайхам гайхам урлаж хийсэн цагаан баримлууд цэгээнтэн цавцайж, шөнө бол хавь орчноо гэрэлтүүлэм харагдана. Луврын үүд хаалгын энэ орчинд мод сөөгийг зөнд нь тарьсны навч нахианд тэр хавийн цагаан хөрсний тоосонцор бүрлэнтэн тогтоод цантчихсан юм шиг болгожээ.

Дэлхийн ховор гайхамшигт үзмэрүүд бүхий эл музейг агуулсан барилга нь “п” үсэг адил хэлбэртэй юм. Музейн тотго болгон цогцлоосон нэгэн том пирамид байх ажээ. Түүний хаалгаар зорчин орж Лувр хэмээх аварга том музейд орвол хүнээр дүүрэн. Энэ музейг бүрэн бүтэн үзэж, өвч ширхэглэн шохоорхъё хэмээвэл долоо хоног ч багадах гэлцэнэ. Энэ ортой байх. Үзэж харах зүйл үнэхээр мундахгүй. Ховор дурсгалт олдвор, янз сонин үзмэрийг нь ширхэгчлэн өгүүлье гэвээс үл барагдана. Уран зургийн гайхамшиг, бишрэлтэйг илэрхийлэхэд нэн амаргүй.

Луврыг үзэгсэд Леонардо да Винчийн “Жоконда” зургийн өмнө хуран цуглаж, зургаа авахуулцгаах юм. Тусгай хамгаалалт бүхий шилэн хананд байрлуулсан тэр зургийг гав ганцаар л их удаан үзмээр юм шиг санагдсан. Ингэж хөл хөс болсон олны дунд бол “Гайхамшигтай эд юм гэсэн шүү” гэхээс өөрөөр төдийлөн “уншиж” чадамгүй юм билээ. Гэхдээ шахцалдсан олны дундуур, дээгүүр доогуур тух муутайхан харах төдийд эгэл биш зүйл нь илтэд мэдрэгдэнэ. Хөргийн нүдэнд л онцгой гайхам нэг зүйл байгаа нь анзаарагдана.

Лувр дахь эртний Египетийн холбогдолтой үзмэрүүд онцгой сонин юм билээ. Нэн ялангуяа модон болон чулуун бунхнууд. Яг л хүн шиг дүрслэн сийлж хийсэн тэрхүү соёлын дурсгал бишүүрхэм мөртлөө сонирхолтой нь хачин. Луврын уран зургийн танхимууд нь битүү зураг. Үнэхээр ерийн биш. Аяндаа нэг тийм сайхан юм гэдэг нь мэдэгдээд, сэтгэл бодолд баясал лавшраад ирнэ. Лувраар удаан явахаар хөл аяндаа цуцчихна. Энэ үед нь уран зургийн танхимуудад ирээд суучихаар ядаргаа аяндаа тайлагдана даа. Урлаг гоо сайхны мөнхийн гайхамшигт бүтээлүүдэд тийнхүү бүчүүлэн суухуйд сэтгэл баяслаар дамжин бие махбод тэнхлүүнтэх нь мэдээжийн юм.

Энэ музейд тал өдөр явахад хоёр ч монгол тааралдсан. “Сайн байна уу” гээд л өнгөрч байна лээ.

Парисын жуулчид нар жаргахыг Цагаан сүмээс харахыг эрмэлздэг аж. Нар мандах, жаргах өдөр өдрийн боловч Цагаан сүмээс харах нь ерийн үйл биш ажээ. Энэ сүм нь Парисын төв хойт хэсэгт орших бөгөөд нэлээд өндөрлөг газарт байгуулагджээ. Сүмийн үүдний өндөр шатаар дүүрэн хүмүүс суусан байх бөгөөд тэнэгэр жаргалтайн аяс хэмнэлийг агуулсан дуу ам амандаа аялцгаана.

Парисын шөнийн сайханд үнэхээр татагдам

Эйфелийн цамхаг гэрлэн чимэглэлээ үе үе солонгоруулж, энэхүү гэрэл нь шөнийн Сенагийн мандалд тусах нь сувд эрдэнэн зүүлтийн гол тасраад цацагдаж бутарсан мэт харагдана.

Парисын дуурийн театр

Парисын дуурийн театр үдшийн цагт алтан гулдмайнуудаар өрж, өргөж босгосон шиг гоё юм байна. Моцарт, Бетховен нарын хэд хэдэн суут хөгжмийн зохиолчдын хөргийг нүүрэн талдаа байрлуулсан харагдана. Уул өргөөний хийц хэлбэр машид эрхэмсэг. Үүд довжооноосоо үлгэр зүүдний мэт. Ардын жүжигчин А.Долгор нэгэнтээ “Парисын дуурийн театрт орж үзэв. Сэтгэл ханав” гэж хэлсэн юм гэдэг. Тэр алдартай дуучин битгий хэл солгой зөрүү хоолойтон ч энэ төгөлдөр ордон руу ороод гарбал билэг оюуны нь сүв нээгдэж магад санагдана.

Франц алдартнуудын орон. Тэднийгээ мөнхжүүлж, хүндэтгэсэн нь ч гайхалтай. Луврын музейн хойхно, холгүй, нар ургах зүгт тэмүүлэн гэрэлтсэн нэгэн гоё хөшөө бий. Энэ бол арван долоохон настайдаа эх орон, ард түмнийхээ төлөө тэмцэж боссон Жанна Д’Аркийн хөшөө юм. Тэр хөшөөний эрэмгий хүчтэй илэрхийлэл, зориг золбоот мишээл нь уг баатарлаг охиныг энэ цагийн францчуудын зүрх сэтгэлд өнөөдөр хамтдаа байгаа мэт бодогдуулахаар ажээ. Тэд хамтдаа л амьдарч байна.

Францчуудын суу алдартны нэг нь жүжигчин Ален Делон . Бүсгүй хүний зүрх сэтгэлд үргэлж дандаа завилгаатай байсан энэ гоё эр эдүгээ насны нар хэвийж, нүүр нүдэнд нь өтөлж хөгширсний үрчлээ атираа тодоссон ажээ. Түүний тухай Парисаар нэг байх хэвлэлүүдийн нүүрт дандаа л бичиж байдаг бололтой. Зөвхөн нэг удаа түүнтэй хооллохын тулд амраг ханиасаа зөвшөөрөл эрсэн хийгээд эс эрэгч бүсгүйчүүд дугаарлаастай байсан цаг саяхан ажээ. Тийм нэг адын дур булаам эр явжээ. Одоо бол зүгээр нэг шармигар шар өвгөн болоо юу даа гэхээр өвгөрчээ.

Парист Наполеон Бонапартын нэр алдрын холбогдолгүй зүйл цөөн бололтой. Өнөөдрийн Парис, сургууль, хууль тогтоомж, боловсролын дэг, соёл, хөшөө дурсгал, улс төр. Энэ бүхэнд уг алдарт жанжны үзэл баримтлалын, зарчмын өв дэг уламжлагдан хадгалагдаж, цаг өнгөрөх бүрт нэр алдрыг нь үлэмж тодотгох жам үйлчилдэг байна. Парисын төв хэсэгт, Вандаамын талбайд төмөр ширмээр хийсэн нэгэн багана орших. Энэ бол дандаа үхэр бууны төмрийг хайлуулж хийсэн хөшөө юм билээ. Наполеон Австрийг эзлэн авсны ялалтаа мөнхжүүлж, бас хойчийн энх тайвныг бэлгэдэж ийнхүү бүтээсэн гэдэг. Дайн самуун өдөөж явсан хүйтэн зэвсгийг энх цагийн, их соёлын дурсгал болгож хувиргасан нь энэ. Тэрбээр “Цэрэг хэн боловч Чингэс хаанаас үргэлж суралц” хэмээн сургамжилдаг байсан түүх бий. Аугаа их Францын сод хаан Чингэсээс суралц гээд хэлдэг байсан гэхээр монголчуудын үр удам бид өвөг дээдсээсээ үргэлж мөнхөд өргөж явах нэр төрийн өр, өвийг зэрэгцүүлэн авч үлджээ.

Монголчууд Виктор Гюгогийн “Парисын дарь эхийн сүм” зохиолыг сайн мэднэ . Лувраас зүүн тийшээ холгүйхэн энэ сүм оршино. Үүдэнд нь мөн л хүмүүс шавчихсан газар байх. Их Чингэс хааныг төрж байх үед энэ сүмийг бариад эхэлчихсэн байсан байгаа юм даа. Ингэхээр Францын соёл, түүнийгээ хайрлан хямгадаж ирэх ухаан их эртнийх. Сонирхолтой нь энэ сүмийг Гюгогийн “Парисын дарь эхийн сүм” гарснаас хойш хамгаалалт, хямгатай болгосон юм билээ.

Энэ сүмийг барьсан урлал, хийц маяг мэдээж гайхамшигтай. Гэхдээ Гюгогийн зохиол л жинхэнэ гайхамшиг болгосонд эргэлзэмгүй санагдана. Бид тэр бүр очиж үзээгүй атлаа “Сэгс цагаан Богд” гэж нэг гайхалтай уул бий юм билээ гэж боддог лугаа адил, “Парисын дарь эхийн сүм” гэж цуутай сүм бий гэх бодол санаанд яваад байдаг. Ингэж санаанд яваад байх, ярилцаж дурсаад байхын шалтгааныг мөнхүү зохиолчдоос эрэхээс өөрөөр яана. Парисын дарь эхийн сүмээр орсонд сэтгэл бодол таатай аваас хамгийн түрүүнд Францын бичгийн их хүн Гюгод талархам санагдана.

Парисын дарь эхийн сүм бол тийм ч том биш. Сүлжмэл сандал дүүрэн тавьчихсан, чимээгүйхэн сүсэглэж явах олон хүн, гэрэл зургийн аппаратын гэрлүүд гялалзсан, бас намуухнаар дуурьсах сүмийн дуутай ийм л газар байна лээ. Чингэс хааныг маань төрж байхад баригдаж асан сүм дотор зогсч байгаа нь л өв соёл цаг хугацааг гэтлэн ирсний гайхамшигтайг мэдрүүлж байлаа.

Парис цав цагаан хот атлаа хав хар хүнээр харин ч элбэг дээ. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, энэ ч үүднээс цагаачдад харьцангуй “нялуун” хандаж ирсний үр дагавар энэ гэж ярилцах нь цөөнгүй юм гэсэн. Гудамжаар явж байгаа хүмүүсийн гурвын нэг нь өнгөт арьстан гэхэд ер хилсдэхгүй. Франц орон хүний өөрийн гэж ялгадаггүй биз дээ, ингэж олноороо амьдрахыг үзвээс. Сая л гэхэд Бээжингийн олимпноо Францын өмнөөс өрсөлдөж буй олон тамирчин өнгөт арьстнууд байгааг уншигчид хэдийнэ анзаарсан байх. Цав цагаан хүүхдүүдийг хав хар хүүхнүүд салхилуулж яваа харагдана. Асрагч нар нь юм билээ л дээ.

Бас арабчууд ихэд түрэн суурьшсан юм билээ. Жаахан базаахгүй үйлдлүүд тэднээс гарчих гээд байдаг гэж нутгийнхан өгүүлцгээдэг юм гэнэ лээ. Хүн чанартай, илүү сэтгэллэг нь өнгөт арьстнууд юм уу даа.

Одоо уншигч та бүхэнд Францын аж амьдралын талаар өгүүлье

Юуны өмнө хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуй, чанар шаардлагыг хамгийн өндөрт тавьдаг юм байна. Дэлгүүрүүдэд байх ногоо цагааны элдэв шалтаггүйд зуун хувь итгэж болно.  Ерөөс энэ орон бол  эрчимжсэн мал аж ахуй,  фермерийг   хамгийн дэвшилтэт хэлбэрээр нь ашиглаж байгаа юм байна. Сүү сүүн бүтээгдэхүүний хэрэглээ маш өндөр. Францчууд “Ходоод хогийн сав биш” уриаг дэвшүүлж, хамгийн өндөр хариуцлагыг энэ эрхтнийхээ өмнө хүлээдэг аж. Энэ ч хариуцлагынхаа дүнд эрүүл аж төрж, урт удаан насална.

Францчууд үхэр, тахиа, гахай, туулай, галуу, нугасны мах зооглолдоно. Ингэхдээ ашигтай удмын санг машид чухалчилсан нь үхрийн махны хэрэгцээгээ хангах жишээнээс харагдана. Зургаан сартай тугал гэхэд монгол бүдүүн үхрийн энтэй байдаг байна. Ийм малын махыг хүнсэндээ хэрэглэдэг гээд бодохоор багцаа төрнө биз. Тугалын мах шиг амттай нь үгүй гэлцэцгээдэг дээ. Газар тариаланг хангалттай эрхэлнэ.

Францын нутаг дээгүүр хөндлөн гулд явахад аглаг хээр, зэрлэг онгон газар ер тохиолдохгүй.  Байгаа бүхий л газар нутагтаа тариалалт эрхэлж, тэдгээр нь бүгд эдлэн, аж ахуйн талбар болжээ. Машинаар явахад цэмцийсэн цэгцтэй сөөг бут, зам харгуй, дэнж дэвсэг үргэлжлэх нь өглөөхөн цэвэрлэж тордчихсон юм шиг. Монголд аялахаар ирсэн францчууд морь унаад давхихдаа “Энэ газраар ингээд яваад байж болж байна уу” гэж болгоомжлон асуудаг гэж орчуулагчаар ажилладаг дүү маань ярьж байсан. Аргагүй юм билээ л дээ, Монгол шиг өргөн уудам, тэгээд хэн нэгний эзэмшил бус газар Францад төдийлөн байдаггүй болохоор.

Энэ орны ард түмний нэгэн тодорхой онцлог бол шударга үнэн, эрх чөлөөний төлөө тэмцэгч чанар юм. Парист л гэхэд жагсаал цуглаангүй, ажил хаялтгүй өдөр тун ховор юм уу даа. Гэхдээ заавал нэг харгалзан үзэхээс аргагүй үндэслэл хэлдэг гэсэн. Энэ болгонд хууль тогтоогчид “Таны төлөө ажиллая” гэж хэлээд хэлсэндээ хүрдэг аж. Энэ хэрээр хууль тогтоомж нь хамгийн боловсронгуй болж, зарим тохиолдолд бидний хувьд хачирхмаар авир гаргах бололцоог хөдөлмөр эрхлэгчдэд олгодог гэх.

Парисын Улаан тээрмийн гудамж гэгчээр явж үзсэн билээ. Энд хүйсээ солиулсан, шар айраг уусан, жаахан увайгүй хандлагатай хар шар хүмүүс цөөнгүй харагдана. Хоёр талын гудамжаар эр эмийн үйл зохилдлогоонд хамаарсан бараа бүхий дэлгүүр мухлагууд байна. Гэвч тэнд хууль ёс байх ёстой хэм хэмжээндээ үйлчилдэг биз. Аливаа зүй бус зүйл үл үзэгдэнэ. Хамгийн чөлөөтэй гудамж бол тэр юм шиг билээ.

Парисын дарь эхийн сүмийн зүүн дор нэг аятайхан цэцэрлэг байна. Тэнд хүмүүс тухтайхан сууна, тэрүүхэнд хоёр залуу намуухан блюз эгшиглүүлнэ. Франц амьдрал ер ямар ч асуудалгүй, бүх зүйл “окей” юм шигээ. Налайсан, хөгжилдсөн, нэг л тийм жаргалтай. Би эл тэмдэглэлийг эхэлсэн цагаасаа олзуурхал, үл төвөгтэй зүйлсийн тухай л бичээд байна уу даа гэж болгоомжилсон нь бий. Гэвч угаасаа л Франц орон өөрөө үнэхээр хүний амьдрахуйн сонгодог загварыг бүрдүүлсэн нийгэм ажээ. Тиймээс байгаа сайхны нь байгаагаар нь л бичихийг эрмэлзэв.

Парисын дарь эхийн сүмийн тэрүүхэнд ёроолд моддын дор Ш.Төмөрбаатар биднийг улаан дарсаар дайлсан юм. Долдугаар сарын хорьдоор Парист үлэмжхэн халуун. Хэдий ийм халуун ч цэцэрлэг зүлэг, усан оргилуур, моддын дэргэд тухлахаар хэцүү юм алга. Улаан дарсны таатай үнэр амтанд үл мэдэг халамцаад Дарь эхийн сүмийн гэрэлт гантиган оройг ширтэхэд “Хархорум маань байсан бол үүнээс юу дутаа аж” гэсэн шиг юм бодогдож байлаа. Монголыг гурав таславч Францаас том гэсэн үг байдаг. Монгол Францаас гурав дахин том нь үнэн ч Францын зэрэгт иртлээ хэзээв гэсэн зүйл бас бодогдоно.

Сүүлийн жилүүдэд францчууд Монголд маш олноор ирж байгааг аялал жуулчлалын албаныхан хэлдэг. Парис дахь манай Элчингийн үүдэнд үргэлж дугаарлаастай байдаг болсон юм билээ. Виз авах гээд. Өдөрт зуун виз авах нь энүүхэнд гэнэ. Францчууд Монголыг үнэхээр сонирхож байгаа юм билээ л дээ. Нэг удаа манай Элчин сайдын яам руу нэгэн эмэгтэй утасдаж “Танай үндэстний бууз гэж хоол байдаг байна. Жорыг нь хэлээд аль” гэсэн гэнэ лээ шүү.

Биднийг Парист байх хугацаанд Элчин сайд Р.Алтангэрэл Рубрук тосгонд зочлуулсан юм.  Энэ нь түүхнээ Мөнх хаанд зочлон ирж байсан Гиём Де Рубрукийн төрөлх тосгон юм байна. Уул тосгоны хэдэн сайхан хүмүүс байна.

Монгол Францын хооронд Рубрукийн бий болгосон эртний жим харгуйг улам тодосгон өргөжүүлэх хүсэл сонирхол тэднийг нэгдүүлжээ. Тэд тосгондоо монгол гэр барьжээ. Дутуугүй сайхан гэр. Үнэгний арьс зүүж, тулга тулж, тогоо шанага, ор дэвсгэр, ширээ сандал болсон сайхнаас сайхан гэр байна. Энэ хүмүүс тосгондоо монгол музей байгуулсан нь тун сайхан. Зодог шуудаг, эмээл хазаар, ширмэл ширдэг, чонын арьс, домбо гүц гээд тоочвол зөндөө сайхан үзмэртэй юм. Манай нутгийн хөөмийч Д.Цэрэндаваагийн уран бүтээлийн цомог ч байж байна. Тэр цомгийн нь нүүрт миний сайхан уул Жаргалант хайрхан дүнхийнэ. Монголдоо, нутагтаа очсон юм шиг болж байна лээ, тэрүүхэн зуур. Эдгээр Монголд элэгтэй хүмүүс Ховд аймгийн Булган сумынхантай хамтран ажилладаг юм билээ. Тэдний цөөнгүй нь Монголд ирсэн бөгөөд нэгний нь эхнэр яг энэ үеэр манай хээр талд аялж яваа тухай өгүүлэв.

Долдугаар сарын арван нэгний өглөө энэ тосгонд монгол дээл гутал өмсч, морь унасан хүмүүс явдаг гэнэ. Монгол үндэсний баярын өдрийг хүндэтгэн тэмдэглэж байгаа нь тэр аж.

Тэнд франц үндэсний хоолоор дайлуулав. Амталж чанасан үхрийн махыг хүртээд, дарсаар даруулж, дараа нь бяслаг зооглодог юм байна. Хоол идэх соёл үндэстэн үндэстэнд өөр боловч францчуудын хувьд эрүүл зөв хооллох л эн тэргүүний баримтлал болох нь юухан хээхнээсээ харагдаад байсныг дахин давтан хэлье.

Бидний монголчууд идэх уух дээрээ л байж болохгүй зуршлууд хэвшүүлсэн юм шиг билээ. Тиймээс энэ тал дээр бодолтой, хямгатай байхад ер буруудахгүй мэт ээ.

Булонийн ойн үдэш. Нэг бичилхээн түүх өгүүлье

Наполеон энэ ойд цэргээ засч бүгсэн нь их ажээ. Энэ үед цэргүүдийнхээ тохь тух, элдэв хэрэгцээг хангахын тулд охид хүүхнүүд авчруулдаг байж. Энэ үеэс эхэлж Булонийн ойн үдэш зугаа цэнгэлийн хүүхнүүдээр тасраагүй бололтой юм. Хагас нүцгэлсэн, илтэд өдсөн хувцас хунартай хүүхнүүд зөндөө бөгөөд түүгээр машинтай болон явгаар явагсад руу дохих, зангах, ирмэх байдлыг эрээгүй үзүүлнэ. Тэнд мөн хүйсээ солиулж эм болсон, бас элдэв олон газраас ирсэн янз бүрийн хүүхнүүд эргэлдэж байдаг аж. Ойн чөлөөгөөр нүцгэн гуя хас нь тодосч харагдах тэр л бүсгүйчүүдийн дэргэдүүр сонирхсон, эрсэний аль нь үл мэдэгдэх машинтнууд аажуу аажуухан явцгаагаад л байх нь мундахгүй.

Францад очоод зайлшгүй үзчих ёстой газруудын нэг нь Версалийн ордон

Арван дөрөвдүгээр Людовик хаан санаачлан бариулж, түүнээс хойших энэ орны эзэн хаад улиран суусан эл шилтгээн Парисаас хойт зүгт байрлана. Машинаар гучаадхан минут давхиад хүрчихнэ. Францын эзэн хаадын хэмжээлшгүй их эрх дарх эдэлж байсан үе нь энэхүү Версальд   төвхнөснөөсэхэлжээ. Тэр үед л “Төр улс гэдэг чинь би юм” гэсэн эзэрхэг үг гарчээ. Версалийн ордон ард түмний зовлон жаргалаас хол ангид оршиж байсны баримт бий. Луи арванзургаагийн үед аж. Хэзээний тэмцэгч францчууд эл Версалийн гадаа очиж жагсчээ. Ингэхэд нь хатан Мария Антуанетта “Эд яагаад ингэж байна” гэж асууж. Тэд “Талх хэрэгтэй байна. Өлсч ядарч байна гэж байна” гэж хариулж. Үүнийг сонссон хатан хаан “Тэгвэл бялуу өг л дөө” гэж хээвнэг өгүүлж байсан гэдэг. Эндээс тэр үеийн ихэс дээдсийн амьдрал ямархуу өндөрт, эрх ямба хязгааргүй байсан нь харагдана. Ингэсний нь хэм хэмжээ хэт алдагдсаных биз, арванзургадугаар Луи хааныг цаазлан хороосон түүх бий.

Версаль дахь эзэн хаадын зуны өргөө хээнцэр тансаг. Аргагүй нэг тийм эрх ямбаар буйлж байсан хүмүүсийн эдлэн болох нь мэдэгдэнэ. Хатан хааны нойрсдог байсан ор, сууж байсан сандал, ил галын зуух, лааны суурь, ширээ сандал, толь тосгуур гээд хачин донжтой. Тэдгээр эрх ямбатнууд мөн сая л тэнд хөлөө ачин сууж, дэвүүр юугаа сэвж, титэм чимэглэлээ гялалзуулан байж байгаад гарсан мэт. Версалийн цэцэрлэг шиг ихэмсэг төгөлдөр байгууламжийг өмнө нь эс үзжээ. Шүлэг бичмээр, дуу зохиомоор, янагийн болзоо тавимаар, яруу сайхан хүмүүстэй зугаацмаар тийм нэг үлэмжийн тааламжтай. Жуулчид их.  Тэд мөн нэг тийм аажуу уужуухан, ямбалж ихэмсэглэх, уярч ярууссан байдалтай байх нь мөнөөх өмнө эртийн хэмжээлшгүй язгууртнуудын ааш аягийн улбаа энэхүү цэцэрлэгт хадгалагдсанаас хүртэж шүншиглэсэн мэт ээ. Версалийн ордон, түүний хүрээлэмж бол газар дээрх нэг диваажин байжээ. Хэн хүнд зовлон буй, жаргал буй. Алив хэн боловч жаргаж байгаа хүнийг илүү хардаг.

Версаль бол тийнхүүн адил илүү харагдаж, тэр хэрээр илүү үлдэж, бас эртний дээдсийн хээнцэр жаргалын загвар байгууламж болж хадгалагдсан ордон юм. Версалийн ордны хавийн газар шороо нь Луврын тэр хавийнхтай адил цав цагаан. Версалийн ордон нь цав цагаан хөрсөн дээр ихэмсэглэн орших бөгөөд түүнийг тойрон хүрээлсэн ой мод, бут сөөг нов ногоон.

Энэ мэтийг үзэж сонирхон, ахуй дэгийг баримтлан Парист хэд хоноод Германы Мюнстер хэмээх хот руу гарч өгөв. Тэнд гэр бүлийн нэн дотно найзынх байдаг юм.

Парисаас өглөө есөн цагт машинаар гарлаа. Зүүн хойт зүгийг чиглэн дөрвөн цаг яваад Германы Триер хэмээх хотод хөл тавив. Замдаа Люксембургийн нутгаар орж гарч явав. Европын холбоо гэж сайхан юм байна даг. Зүгээр л нэг аймгаас нөгөө аймгийн төвд хөл тавьж байгаа юм шиг л их Европоор явах. Зам зуур уул толгод, дэнж дэвсэггүй усан үзмийн тариалалт. Нов ногоохон цэцэрлэг хаа сайгүй.

Германы Мюнхен хот

Францаас Германд хөл тавиут нэг зүйл тодорхой анзаарагдав. Францчуудын эмх цэгцтэй, цэвэрч цэмцгэрт муу үг хэлэх аргагүй. Гэвч Германд бол бүр ч гайхалтай юм. Үнэн цэмцгэр. Ямартаа л францчууд “Герман муухай. Хэтэрхий цэвэрхэн” гэж байхав дээ. Германчуудын бас нэг онцлог байна. Хий хуурмаг инээд, олон таван үггүй. Хаашаа харсан байнав, тэр чигтээ бүх анхаарлаа хандуулна. Нягт нямбай, хий зайгүй нь шууд мэдэгдэнэ. Галт тэргэнд зөндөө олноор суусан атал чимээ ердөө үгүй шүү. Ном унших нь уншаад, чихэвчээр хөгжим сонсох нь сонсоод таг.

Триерээс Мюнстер ороход Дортмунд, Кёльн зэрэг гурав дөрвөн хотоор дайрдаг юм байна. Галт тэргээр. Триерээс гараад цонхоор харж явтал хэсэг тахь ялаархсан янзтай зогсч байх нь тааралдав. Яг л манай Хустайд байдаг хэдтэй адилхан юм. Тарга тэвээрэгтэй гэж янзтай. Бөөрөнхий бөөрөнхий хул хээр юмнууд залхуутайхан толгой хаялж харагдана.

Кёльн хотын галт тэрэгний буудлаас холгүйхэн хоёр мундаг сүм байх юм. Хар модыг харуулдаж, цүүцдэж, сийлж хийсэн юм шиг сарсайсан хоёр өндөр бор юм байна. Кёльнээр явагсад заавал үздэг газрын нэг бололтой. Кёльнээс Мюнстер орох замд ч өнөөх хул тахинууд зөндөө. Германд энэ адуу овоо хэд байх шиг ээ. Ингээд өглөө есөн цагаас гараад машин, галт тэрэг сэлгэж хүлэглэсээр үдшийн есөн цагт Мюнстерт буулаа. Г.Базарваанийндаа дайлуулж хонолоо.

Мюнстер сайхан хот ажээ. Ажин түжин. Яг төв биш гудамжнууддаа ганц нэг л хүн явж харагдах. Энд ирээд 15 жил амьдарсан монгол гэр бүл байна. Явамгүй санагддаг гэнэ шүү. Тэгтлээ идээшиж. Хэнд ч гэсэн өөрчлөмгүй хэвшил тогтсон сайхан амьдрал тэнд байна. Амар тайван, элдэв ямарваа асуудалгүй.

Мюнстерт очсон үеэр их хямдралын үе тохиолджээ. Эд барааны үнэ навс навс унаж.  Ялангуяа гутлын үнэ гэдэг юм шалан дээр. Авмаар эд ч овоохон байна билээ. Ер нь манай монголчууд боломж гарвал Германд энэ хямдралын нь үеэр очвол сэтгэл тун хангалуун буцаж ирэх нь билээ шүү.

Мюнстер хот өндөр байшингүй, өргөн гудамжгүй. Гэхдээ нэг л эвлэгхэн. Дотнохон. Цэвэр цэмцгэрийн тухайд ярилтгүй. Энэ хотод анд нөхөдтэйгээ уулзаад нэг сонин зүйл олж сонсов. Тэр нь юу гэвэл ийм.

Мюнстерээс холгүй Аа нуур гэж байдаг аж. Тэнд хөөрхий нэг хар хун хайрлан дурлаад уджээ. Хөөрхийлэлтэй нь, түүний хайрт зүгээр л нэг завь. Тодотголтой нь, хунгийн хэлбэртэй цагаан завь ажээ. Байнга л нөгөө хун завиныхаа дэргэд байж байдаг гэнэ. Эхлээд хүмүүс мөнөөх завийг нь ашигладаг байж. Тэгэхээр нь дагаж хөвөөд салдаггүй гэнэ, зайлуул. Бас далавчаараа ус балбан эсэргүүцдэг гэх. Тэгэхээр нь хүмүүс өрөвдөөд өнөөх “хайртыг” нь сул орхижээ. Гурав дөрвөн жил шувууд буцаж. Харин хөөрхий тэр хар хун гурав дөрвөн жил энэ нуураас алхам ч холдоогүй байна. Сонин явдал байгаа биз. Одоо ч бий юм гэсэн. Германы телевизүүдээр энэ тухай нь зөндөө гарчээ. Бодвол “Аа нуурын хар хунгийн хайрын дууль” гээд л гардаг байлгүй дээ.

Үхэртэй хамт явдаг хонь үзсэн. Бас сарлагтай явдаг монгол үхэр ч байдаг. Харин хун хэлбэртэй завинд дурласан жигүүртэн бас байдгийг ингэж дуулав. Өрөвдмөөр. Европоос ирээд хэд хонож байлаа. Гэтэл сонинд, бас цахим сайтуудад ч байна, Мюнстерийн амьтны хүрээлэнгийн гориллын тухай. Миний хэдхэн хоногийн өмнө аялж асан мөнөөх хотын амьтны хүрээлэнд байдаг гориллын зулзага өөд болжээ. Харин эх нь асрамжлагчдад үхсэн зулзагаа өгөхгүй байгаа мэдээ байна. Амьгүй болсон зулзагаа тэвэрч байгаа, нуруундаа үүрч байгаа зургууд нь ч тавигдаж. Бас л өрөвдөлтэй харагдана. Хэрэв Мюнстерт амьтны хүрээлэн үзсэнсэн бол хөөрхий тэр горилл нөгөө муу зулзагатайгаа сууж байхыг харах л байж дээ гэсэн шиг юм бодогдов.

Бид Германаас Парист олон улс хоорондын тээврийн нэгэн том автобусаар ирэв. Шөнөжин явав. Тохилог сайхан унаа байна билээ. Парист буцаад ирэхэд тоонот маань юм шиг санагдаж байна. Сэтгэлд их ойрхон, өөриймсөг бодогдсоноос тэр биз.  Хэзээний байсан юм шиг Булоньдоо ирэв. Монголынхоо Элчингээр оров. Элчин сайд Р.Алтангэрэлтэй нэлээд хөөрөлдлөө. Залуухан сайд маань эвлэг дотно, сэтгэлд дулаахан хүн ажээ. Бас өргөн мэдлэг бүхий сонирхолтой яриа дэлгэж, таатай уур амьсгалыг бүрдүүлнэ. Элчин сайд хүн ийм л байна даа гэх бодлыг төрүүлнэ.

Парист зочлон очигсдодоо сануулахад энд хамгийн сайхан унаа метро гэдгийг хэлэх байна. Хямдхан өртөгтэй. Та очоод тус хотын газрын зургийг хаанаас   л бол хаанаас олоод авна. Тэгээд мөнөөх зурагт тэмдэглэгдсэн метро зорчих сүлжээг хөөгөөд явахад хаана л бол хаана үүгээрээ хүрч, Парисыг сүвлэх боломжтой.

Францад гэр бүл салалт нэн элбэг тохиолддог байна. Энэ үүднээсээ хамтран амьдрах хэлбэрийг их сонгодог аж. Салбал адаглаад хөрөнгө юугаа хуваах гэж төвөг болдоггүй гэх. “Баяртай.  Сайн сайхныг хүсье” гээд л хоёр тийш. Ер нь гэр бүлийн тухай ойлголт энд манайтай зөрчилдөм зүйл бишгүй бололтой. Франц эрчүүд сайхан бүсгүйчүүдэд санаархах, сээтэгнэхийг нэр төрийн гэж үздэг гэхэд хилс болохгүй шиг. Жишээлэхэд, Ерөнхийлөгч Саркозиг эхнэрээ сольсон саяхны явдлыг “Эр хүн. Болж байна” гэж үзэх хандлагатай гэнэ. “Карло сайхан хүүхэн шүү дээ” гэлцэх төлөвтэй. Харин улстөрч, удирдагчийн нь хувьд өөр үзэл бодолтой байдаг юм болов уу гэж таамаар. Яагаад гэвэл урьд өмнөх Ерөнхийлөгчдөөс хамаагүй нэр хүнд муутай байгааг нь шинэ эхнэрийн асуудалтай холбох талтай аж.

Франц хүүхнүүд сайхаан. Тэр нь ийм гоё, энэ нь арай өөр гээд онцлоод баймгүй. Гэхдээ л нэг тийм өвөрмөц донж, хүслэнт төрхтэй. Ямар ч гоёл зүүлтгүй, тодотгом зүсгүй атлаа бүтнээрээ, буй чигээрээ нэг тийм сайхан хүүхнүүд байдаг даа. Тийм л нэг сайхан хүүхнүүдгэй. Хий хоосон маяг сэлт мэдэгдэхгүй. Гунхас гунхас алхацгаана. Үнэр анхилам салхи сэвэлзүүлж одно.

Парисын гудамжаар алхаж явахад янз янзын бодол төрнө. Сайн бүтээл гэж ямар бүтээлийг хэлэх вэ гэж хүмүүс нэгнээсээ асууцгаадаг. Энд бичиж урлахуйн тухай ярьж байна.

Монголын гарамгай зохиолч Дарамын Батбаярын өгүүлсэн нь бий

Түүнийхээр өгүүллэг бичье гэж бодоход үг бүр нөгөө үгээсээ үл ялгагдам байх ёстой байна. Үлгэрлэвэл, нэг гоё үг сондгойрох биш, нэг гоё өгүүлбэр тодрох бус, бүх өгүүллэг цогцоороо өөгүй байж сайн бүтээл болно гэсэн утгачлал буй. Үүн лүгээ адил Парис хотын бүхий л зүйл цогцоороо гоё ажээ. Тэнд ямарваа нэг нь сондгойрч гялалзахгүй. Эйфелийн цамхаг ч тэгж харагдахгүй. Бүхэл бүтнээр нь, цогц цулаар нь сайхныг бүтээхүйн алтан зарчмаар бүтээгдсэн хот гэвэл Парисыг хэлнэ байх. Энд Диана гүнжийн автын ослоор амь эрсэдсэн хонгилын дээр барьсан дурсгалын зул ч нэгэн ширхэг нь болно. Сена мөрний хаш замагт эрэг ч хажлага, зээг болж харагдахгүй. Мөнхийн зүй зохист оруулга мэт эвсч шингэж санагдана.

Хотын төвд Александрын гүүр гэж маш үзэсгэлэнтэй гүүр бий. Оросын хаан дурсган бэлэглэж бүтээсэн түүхтэй. Агуулгыг нь бодоход бэлгэшээм. Эв найрамдлын, элбэрүү сэтгэлийн, их түүхийн гээд олон талаасаа бидний гүүр байх юм шүү гэсэн мэт.  Энэ гүүрээс шөнийн Эйфел тэнгэр газрыг холбосон   юм шиг харагдана. Чимэг гэрлийн нь дээшээ доошоо болон үелзэх гялалзаан гялталзаанд тэнгэрээс газар руу нэг хэсэг, газраас тэнгэр рүү нэг хэсэг од эрхэс ирж очин зорчиж байгаа юм шиг романтикхан бодол төрүүлнэ. Романтик гэгээн бодол сэтгэлийн эх нь сайхан юм. Сэтгэлийг эзэмдсэн юмс үзэгдлээс хүртсэн аялгуу юм. Парист иймэрхүү мэдрэмж догдлол үргэлж дандаа төрөх бөгөөд энэ нь мөнөөх л төгс гоо хотын шид билээ.

Өрнө, дорнын ард түмэнд аль алинд нь гайхамшигт соёл, түүх бий. Өрнөгүй дорно, дорногүй өрнө үгүй. Хүн төрөлхтний бүтээсэн аугаа их соёл, түүхийн гайхамшигт хот эртний сайхан Парисаар ийм бодол тээн тээн зорчоод ирэв. Үлэмж өрнийн титэм нь Парисаас өөр юусан билээ дээ.

Улаанбаатар-Москва-Парис-Мюнстэр-Улаанбаатар, 2008 он,  “Ертөнц энд” номын хэсгээс хүргэв

12
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Facebook cэтгэгдэл

Дуртай төрөл

Өнгөрөгч 2017 онд 187 хүүхэд хүчингийн гэмт хэрэгт өртжээ. Энэ нь 2 өдөрт 1 хүүхэд хүчиндүүлж байна гэсэн үг

2018-04-25

“Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг шуурхай хэрэгжүүлэхээр тохирлоо”

2018-04-25

Дугуй уулзвар нэвтэрч чаддаггүй нь “дөрвөлжин сэтгэхүй”-тэй холбоотой

2018-04-25

“Хөрсөө хамгаалъя” өдөрлөг баасан гарагт болно

2018-04-25

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Энэтхэгийн Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзсан уулзалт амжилттай боллоо

2018-04-25

Халх голд хууль зөрчин газар олгосон шийдвэрүүдийг цуцална

2018-04-25

Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол, Оросын ЗГХК-ын Оросын хэсгийн дарга С.Е Донскойтой уулзлаа

2018-04-25

Ерөнхийлөгчийн Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр Цэвээндоржийн Эрдэнэбатыг томиллоо

2018-04-25

MOODY’S агентлаг Голомт банкны үнэлгээг “B3” болгон өсгөж, хэтийн төлөвийг “тогтвортой” гэж үзлээ

2018-04-24

“Цахим мөнгөний журам” батлагджээ

2018-04-23

Монголд ирэх ОХУ, Франц, Солонгосын жуулчдын тоо нэмэгджээ

2018-04-23

Банк хоорондын цахим талбараар 11.7 сая ам. долларыг арилжжээ

2018-04-21

“Бидний театр” жүжгийн уралдаан болно

2018-04-19

М.Ану Дэлхийн Миссийн титэмийг авлаа

2018-04-16

“Каннын кино наадмыг 3 өдөрт” хөтөлбөр зарлав

2018-04-12

"Гэгээн Муза-2018" ирэх сард болно

2018-04-06

Зургаан настай А.Хүслэн Жюү Жицүгийн дэлхийн аварга болжээ

2018-04-25

П.Орхон гуравдугаар сарын шилдэг тамирчнаар нэрлэгдлээ

2018-04-24

С.Мөнх-Эрдэнэ: Биеийн тамир, спортын мэдээллийг цахимжуулах эхлэлийг тавилаа

2018-04-24

Хөлбөмбөгийн ДАШТ-ний “Алтан дагина” цом Монголд анх удаа ирлээ

2018-04-23

АТГ: Нийт 9 холбогдогчтой 513,000,000 төгрөгийн хохиролтой 8 эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн

2018-04-25

Авто угаалгын газруудад сургалт явуулж, зөвлөмж өгөв

2018-04-25

Үүрэн телефоны оператор компаниудад мэдэгдэл хүргүүллээ

2018-04-25

Гаалийн шалгалтаар 3100 хуурамч доллар илрүүлжээ

2018-04-25

PSA: 2025 он гэхэд 40 төрлийн цахилгаан машин үйлдвэрлэнэ

2018-04-25

Маховик араа гэж юу вэ?

2018-04-25

Тээврийн хэрэгслийн өмчлөгчийн лавлагааг ТҮЦ машинаас олгож байна

2018-04-24

Хүйсний боолтын элэгдлийг хэрхэн засах вэ?

2018-04-24

MOODY’S агентлаг Худалдаа, хөгжлийн банкны үнэлгээг “B3” болгон өсгөж, “тогтвортой” гэж үзлээ

2018-04-23

Хурууны хээгээ уншуулаад банкны бүх төрлийн үйлчилгээг аваарай!

2018-04-20

250 сая юанийн хамтын санхүүжилтийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа

2018-04-19

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудад зориулсан “Ачлалт Хүүхдүүд ТББ”-ын үйл ажиллагааг дэмжин хандив өргөлөө

2018-04-18
3:27

Л.Болд: Статистикийн байгууллага эрх баригчдад үйлчилдэг гал тогооны алчуур шиг байж болохгүй

2018-04-25
2:51

Д.Эрдэнэбат: Оюуны өмч, Улсын бүртгэл хоёрыг нэг дор байлгаж болохгүй салга гэж хэлээд байхад 65-уулаа кнопдож явуулчихаад одоо эргэж буцаж байна

2018-04-25
3:05

Л.Болд: Хүний эрхийн дэд хороог нэн яаралтай даргатай болгож өгөөч

2018-04-24
46:23

“Ахлах тогоочийн заавраар” 2-р цуврал - Дугаар 1-т Буянгийн Жагаа орлоо

2018-04-24

“Элчин багш” КУКОШ БАКУЛА

2018-04-25

Хүн бүрийн үзэх ёстой 15 TED илтгэл

2018-04-23

БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпин багадаа амиа хичээсэн хүүхэд байсан, гэтэл...

2018-04-18

Нидерландын хаан, хатан хоёр арван жил нэг л хувцастайгаа...

2018-04-08

Торонтод гарсан халдлагад Монгол иргэд өртөөгүй

2018-04-25

Турк Улс АНУ-аас алтны нөөцөө эргүүлэн татаж байна

2018-04-24

БНХАУ-ын мансууруулах бодисын хэрэглээ, нөхцөл байдал ба болгоомж хэзээд илүүдэхгүй

2018-04-24

С.Лавров: Д.Трамп, Ким Жон Ун нарын уулзалт Монголд болж магадгүй

2018-04-24

“Монгол Улсад эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн цахим систем бүрэн нэвтрүүлэх” төслийн явцыг хэлэлцэв

2018-04-13

НҮБ-ын энхийг сахиулах даалгаварт оролцож буй Монголын анхны эмэгтэй цагдаа

2018-03-01

72 жил хамтдаа амьдарсан буурлууд "Очир Эрдэнэ"-ийн хуримаа хийлээ

2018-02-23

Ховдын Дарвичуудын сар шинийн золголтонд урьж байна

2018-02-22

Хүрэн манжин ой тогтоолтыг сайжруулдаг

2018-04-25

Дэлхийн дархлаажуулалтын өдрийг “Вакциндаа хамрагдъя, хамтдаа сэргийлье” уриан дор зохион байгуулж байна

2018-04-24

Халууны шил, даралтын аппарат худалдан авахдаа баталгаажуулалттай эсэхийг шалгана уу

2018-04-24

Зарим эрхтнийг мухар олгойгоор "орлуулж" болно

2018-04-23

Дэлхийн байгаль хамгаалах сан манай цасны ирвэсийг хамгаална

2018-04-25

Аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд БНСУ-тай хамтарна

2018-04-24

Хятад Улс мазаалайг хамгаалахад техникийн буцалтгүй тусламж үзүүлнэ

2018-04-23

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлцгээе

2018-04-23

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын хуваарь

2018-04-25

П.Лхагвасүрэн: Энэ жил 33 мянга гаруй оюутанд барьцаагүй, хүүгүй сургалтын зээл олгоно

2018-04-25

Бүгд Найрамдах Польш Улсын бакалавр,магистр, докторын сургалтад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт

2018-04-25

БНСУ-ын Илвүү сангийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

2018-04-24

Өмнөговьд Оюу толгойгоос том орд газар илэрлээ

2018-04-20

Л.Энхболд: Уул уурхай дагасан намуудын мафи бий болсон

2018-04-20

Хайлуур жоншны салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзлаа

2018-04-19

“Уурхайчин эмэгтэйчүүд-Хөгжлийн төлөө” Үндэсний чуулган эхэллээ

2018-04-17

Х.Цэвлээ: Нурам шиг бүлээн, хамба шиг зөөлөн тэрхүү торгон агшныг нэхэн дурсахуйд

2018-04-25

МАНАН-гийн нэг эзнийг барьж хорьсон. Одоо дахиад нэг эзэн байгаа ш дээ!

2018-04-25

Хими биологи цацраг цөмийн эрсдлийг бууруулах арга зам...

2018-04-25

Банкуудтай тэмцэх ажлыг АН эхлүүллээ, одоо МАН улам бууруулах уу?

2018-04-24

GOOGLE MAPS: Улаанбаатарын авто замын ачааллыг харуулдаг болжээ

2018-04-23

“QPay” үйлчилгээ ашиглан нийгмийн даатгалын шимтгэл төлдөг боллоо

2018-04-20

Илон Маск Европыг “байлдан дагуулж эхэллээ”

2018-04-18

Smartcar системд 9 төрлийн үйлчилгээ шинээр нэвтрүүлнэ

2018-04-16

Хилээр нэвтрүүлэх эд зүйлсийн талаар зорчигч бүрийн мэдвэл зохих зүйлс

2018-04-20

Гүйхийн 10 ач тус

2018-04-18

АНУ-д зорчих иргэдийн онцгойлон анхаарах зөвлөмж

2018-04-17

Амьдралынхаа хэвшил болгох ёстой 5 зүйл

2018-04-17

Монгол Улсын 2017 оны эрдэс бүтээгдэхүүний экспорт

2018-04-25

Хангай үүлдрийн хонинд зохиомол хээлтүүлэг хийснээр одоогийн байдлаар эхний 8 толгой төл хүлээн аваад байна

2018-04-20

Та ямар энергитэй хүн болох оо мэдэх үү?

2018-04-09

Судлаачид маш ховор үлэг гүрвэлийн мөр олжээ

2018-04-04

Нялх хүүхэдтэй айлын цээрлэх 17 зүйл

2018-04-24

“Аз жаргалтай гэр бүл” төсөл хэрэгжинэ

2018-04-06

Та өсвөр насны хүүхдийнхээ зан араншинг ойлгохгүй байна уу?

2018-03-30

Та хүүхдийнхээ “код”-ыг тайлж уншиж чаддаг уу?

2018-03-20

Санал асуулга Бүгдийг үзэх

Н.Энхбаяр
37.55%
Х.Баттулга
23.43%
У.Хүрэлсүх
13.12%
Ц.Нямдорж
5.42%
Т.Аюурсайхан
3.88%
Н.Алтанхуяг
3.35%
Ж.Батзандан
3.28%
Л.Оюун-Эрдэнэ
2.48%
С.Баяр
2.07%
М.Энхболд
1.47%
З.Энхболд
1.2%
Ц.Элбэгдорж
1.07%
С.Эрдэнэ
1.07%
О.Баасанхүү
0.6%

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

795

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

1,931

Та ямар брэндийн гар утас барьдаг вэ?

7,316

Та сард хэдэн төгрөгний цалин авдаг вэ?

6,769