Сүүлийн жилүүдэд сэтгэл зүйч ба судлаачдын дунд томоохон сэдэв болж буй асуудал нь өсвөр үеийн хүүхдүүд ба эцэг эх тэдний харилцаа юм. Хүүхэд наснаас насанд хүрсэн бие хүн болоход тодорхой онтогенез үеийг дамжих бөгөөд 10-18 насныхан хамаарах юм. Түүнчлэн тус үеийг шилжилтийн нас ч гэж нэрлэдэг.
Энэ үед хүүхдүүдэд биеийн болон сэтгэл зүйн өөрчлөлт ихээхэн гардаг.Тэр дундаа 16-18 /хожуу үе/ нас нь хүүхэд наснаас бие хүн болон төлөвших үе байдаг учир сэтгэл зүйн олон өөрчлөлт гарч эцэг эхтэйгээ үл ойлголцох, маргалдах, санал зөрөлдөх зэрэг олон асуудал үүсдэг.
Монгол улсын Үндэсний статикийн хорооноос явуулдаг тооллогоор 2016 онд 16-18 насны хүүхдийн тоо 144,104 байсан нь өмнөх оныхоос /2015/ 1388-аар даруй өссөн үзүүлэлттэй байгаа юм. Ийн жил бүр өсөн нэмэгдэж буй хүүхдүүдийн ард гэр бүл нь байгаа ба тэдний эцэг эхтэйгээ харилцах харилцаа оршин буй юм.
Эцэг эхийн талаас өсвөр насны хүүхдээ ойлгож тэдэнтэй ойр дотно харилцах нь гэр бүлийн таатай уур амьсгалыг бүрдүүлэх ба хүүхдээ нийгэмд өөртөө итгэлтэй, хүмүүжилтэй бие хүн болгон төлөвшүүлж чадах юм. Монгол улсын хувьд энэ чиглэлийн судалгаа шинжилгээ хийгддэг ч нийгэмд тийм ч чухал түлхэц өгч чадахгүй байгаа учир МУИС-ийн оюутнуудын хийсэн "Өсвөр үеийнхэн ба эцэг эх хоорондын харилцаа" судалгааны дүнг хүргэж байна.
Уг судалгаа нь 5 асуулттаас бүрдэх бөгөөд 16-18 насны 300 хүүхэд хамруулсан юм.
1 Хүүхдийнхээ гаргасан таагүй араншинд эцэг эхийн зүгээс үзүүлэх хариу үйлдэл
Судалгаанаас үзэхэд хүүхдийнх нь ааш зан таагүйгээр өөрчлөгдөхөд загнах нь элбэг байна. Харин энэ үед нь хүүхдээ загналгүй эвээр учирлаж ойлгуулах хэрэгтэй.
2 Хүүхдийнхээ амжилтанд эцэг эхийн зүгээс өгдөг урамшуулал
Хүүхдийнхээ амжилтыг магтан сайшааж, урамшуулж, бахархадаг нь гайхалтай хэрэг бөгөөд энэ нь тэдэнд хамгийн том урамшуулал болдог. Эцэг эх нь л хүүхдээ урамшуулахгүй юм бол өөр хэн ч магтсан хүүхдийн сэтгэлд хүрч чаддаггүй билээ.
3 Хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарах байдал
Хүүхдээ зөвхөн өвдсөн үед нь анхаарлаа хандуулах нь үнэхээр буруу. Өсвөр үеийн хүүхдүүдийн бие махбодь нь хүртэл өөрчлөлтөнд ордог.
4 Хүүхдүүдийн буруу дадал зуршилд эцэг эхийн үзүүлэх хариу үйлдэл
Дээрхи графикаас харахад буруу дадал зуршлыг нь засахын тулд шийтгэх арга хэмжээ авах нь элбэг байна. Харин эсрэгээрээ тухайн зуршлынх нь муу талыг тайлбарлаж, ойлгуулах ёстой.
5 Хүүхдүүдийн дадал зуршил
Судалгаанаас үзэхэд, хүүхдүүдэд олон төрлийн дадал зуршил байдаг ч ихэнх цагаа интернет орчинд өнгөрүүлэх, залхуурал хоёр давамгайлж байна. Эцэг эхчүүд маань энэ байдлыг багасгахын тулд тэдний сонирхсон спортоор нь хичээллүүлэх хэрэгтэй.
Мөн эцэг эхчүүд хүүхдүүдээ ямар нэгэн болохгүй, муу зүйл хийсэн тохиолдолд зааж зөвлөж болохгүйг нь хэлж, ямар нэгэн сайн зүйл хийвэл магтаж сайшаадаг зэрэг эерэг шинжүүд давуу байгаа ч өвдөхөөс нь өмнө эрүүл мэндэд нь анхаардаггүй өвдсөнийх нь дараа арга хэмжээ авч эмчлүүлдэг гэх зэрэг анхаарууштай хариултууд ч дийлэнх байна. Тиймээс эцэг эхчүүдэд энэ байдлаа анхаарах үүднээс бяцхан зөвлөмжийг орууллаа.
Зөвлөмж:
Хэрвээ үүнийг уншиж байгаа эцэг эх байгаа бол хүүхэдтэйгээ харилцах харилцаандаа та маш сайн анхаарах хэрэгтэй. Тэр юу хүсэж мөрөөдөж байна, түүний сэтгэл юунд шаналж байгааг асууж найз шиг нь нээлттэй харилцах хэрэгтэй. Нэг удаа нээлттэй харилцаад дараа нь ярьсан бүх зүйлийг буруутгаж, сэтгэл санаагаар унагаах тохиолдол зарим эцэг эхчүүдэд байдаг.
Зарим хүүхдүүд сэргэлэн цовоо, баяр баясгалантай байж, түүнийгээ байнга илэрхийлж байдаг бол зарим хүүхдүүд тэр бүр сэтгэл хөдлөлөө илэрхийлж гаргахгүйгээр дотроо баярлаж, маш их зүйлийг боддог. Энэ бүхнээс хараад та хүүхдийнхээ ерөнхий онцлогийг анзаарч харилцаарай.
Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ өөрсдийн хүсэл сонирхлоор хүмүүжүүлэх гэж зүтгэдэг. Таны хүүхдийн бас нэг онцлог бол найз нөхдөө хамгийн түрүүнд тавьж тэд нарыг эрхэмлэж, өөрийн гэсэн нийгмийн байр суурийг бий болгохыг хүснэ. Энэ үед та түүнд нийгэмд, найз нөхдийн дунд өөрийн байр суурийг бий болгоход тусламж хүргээрэй. Энэ үед таны үүрэг оролцоо ч бас чухал юм. Таны хүүхэд ямар хүүхдүүдтэй үерхэж нөхөрлөж байгаад байнга анхаарлаа хандуул. Хүүхдийнхээ найзуудыг ч бас хүндэлж чадвал таны хүүхэд танд итгэх болно.
Хүүхдэд хайр халамжийг мэдрэх хэрэгцээ маш их байдаг. Хайрыг яаж мэдрүүлэх вэ гэдэгт та сайн бодсоны эцэст зөв арга замыг сонгоорой. Эцэг эхийн хайр халамжийг мэдэрч өссөн хүүхэд ирээдүйд бусдад эерэгээр ханддаг. Илүү их анхаарал тавьж, тэднийг сайн сонсож, хайртай гэдгээ мэдрүүлж байх хэрэгтэй. Охин чинь ирээдүйн ханиа ааваасаа авсан хайр халамжаар хайрлаж, хүндлэн харилцах болно. Харин хөвгүүдэд ээж нар хайр халамж тавих нь илүү чухал юм.